“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлалын төсөлд санал авч байна
Монгол Улсын засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг баталсан.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршдог.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 2022 оны эцэст 103 235 болсон нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна.

103 235 даатгуулагч (иргэн)-аас 39 586 (38.4%) нь нийслэлд, орон нутагт 63 649 (61.6%) амьдарч байгаа бол, сэтгэцийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөр магадлал хийлгэсэн хүний тоо 4 585 (4.4%) байна. Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 103 235 даатгуулагч (иргэн)-ийн 46.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 53.5 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас (хэсэгчлэн) алджээ. Хөдөлмөрийн чадвар алдсан 5 гол өвчний шалтгааныг дотрын өвчин, сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин, гэмтэл согогийн өвчин, чих, хамар хоолойн өвчин, нийт 77.9 хувийг тус эзэлж, сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг мөрдөн ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн 37.2.2-т “хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасныг үндэслэн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/183 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, ХБХХЕГ, НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК, МШӨ-ний салбар комиссын төлөөлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийг оролцсон.

Одоогийн байдлаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа-351, мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг- 112 тус тус өвчний оношоор тогтоон мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэн (даатгуулагч)-д эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулах, ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

Энэхүү дүрмийг баталсны дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн 37.2.2-т “хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасныг үндэслэн хамтран батлах шаардлагатай байгаа тул ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Иймээс иргэд та бүхэн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тодорхойлох” аргачлалыг боловсруулсан төсөлд санал хүсэлтээ ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
…..oOo…..
Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлалын төсөл
Дээш