Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан нөлөөллийн сургалт зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан 8 дахь удаагийн нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.
Төслийн хүрээнд 2022 онд аж ахуй нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцөөр бэлтгэгдсэн сургагч багш нар тус сургалтыг удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад ажлын байрны дадлагажуулагч болон аж ахуй нэгж байгууллагуудад нөлөөлөх хүний нөөц бүхий 30 гаран төлөөлөл ажиглагчаар оролцлоо.
Сургалтаар Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн жишээ, сайн туршлага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн тогтолцоо, ажлын байрны тохируулга, тэгш хүртээмжтэй ажлын байрны орчныг бүрдүүлэх арга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагын талаарх ойлголтуудыг оролцогчдод өгч, харилцан мэдээлэл солилцсон юм.