ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК АХМАД НАСТНЫ ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Монгол Улсад ахмад настны тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх”, “Урт хугацааны тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх”, “Ахмад настанд ээлтэй технологийн хүртээмжийг сайжруулах” төслүүдийг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
Тус санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Азийн хөгжлийн банк, Зүүн азийн бүс, хот байгуулалт болон нийгмийн салбарын нийгмийн сектор хариуцсан ахлах шинжээч Раушанбек Маматкулов нар гарын үсэг зурав.
Дээрх төслүүдийн гол үйл ажиллагаа нь ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ахмадын асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээний олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, Идэвхтэй насжилтын загварыг боловсруулж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангахад чиглэгдэх юм.
Түүнчлэн ахмад настанд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд Засгийн газрын бодлого, стратеги, чадавхыг бэхжүүлэх, ахмадууд гэртээ болон орон нутгийн түвшинд хэрэгцээтэй тусламж үйлчилгээ авах технологийн шийдлүүдийг турших юм.
ХНХЯ нь АХБ, Ядуурлыг бууруулах Японы сан, Ази, номхон далайн орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх сангийн санхүүжилтээр “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төсөл (ТТ 9928)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Ачлалт хүүхдүүд” ТББ, Дархан-Уул аймагт “Ахмадын хөгжлийн төв”, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Нэгдсэн эмнэлэгийг түшиглэн Идэвхитэй насжилтыг дэмжих төвийн загварыг туршиж байна.
Өнөөдөр байгуулсан Санамж бичиг нь “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” төслийн үр дүнг бэхжүүлэхэд мөн чиглэгдэж байгаа юм.