НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар талууд байр сууриа илэрхийлж санал солилцсон юм.
Ноён Тапан Мишра, “НҮБ шинэчлэлийн хүрээнд улс орнууд дахь төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо илүү уялдаа холбоотой байхыг чухалчилж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” хөтөлбөрийг нэг зүгт харсан байдлаар мөн Монгол Улсын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан гаргасан. Баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны төлөвлөгөө боловсруулж байна. Хүний хөгжил, тэгш хүртээмжтэй ногоон эдийн засаг, хүн төвтэй сайн засаглал гэсэн үндсэн гурван тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай маш ойр хамтарч ажиллах болно” гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, “Монгол Улсад 904 мянган иргэн буюу 27 гаруй хувь нь ядуурлын түвшинд байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд ч ядуурал буурахгүй, эдийн засгийн өсөлтийн хүртээмж муу байгаа энэ байдлыг арилгах, Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050-д туссан зорилтыг хэрэгжүүлж ядуурлыг бодитоор бууруулахад салбаруудын болон олон улсын байгууллагуудын уялдаа холбоо маш чухал гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэг байна” гээд үр дүнтэй хамтран ажиллахад хүчин чармайлт гаргана гэлээ.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт амьжиргааг дэмжих, Малчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлж цочролд бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.