С.Чинзориг: Салбарын бодлогыг иргэдэд чирэгдэлгүй хүргээрэй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн яг одоо Чингис зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Зөвлөлгөөний үеэр салбарын удирдлагууд хуралд оролцогчдод хандан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой мэдээлэл, бодлого шийдвэрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнээс бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлийг онцлон хүргэж байна.
САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД
УИХ-ЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
САЙД С.ЧИНЗОРИГ САЙДЫН ИЛТГЭЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн 250 гаруй удирдах ажилтан Та бүхэнд талархсанаа илэрхийлж, хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, дийлэнх олонх болсноор Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулснаас хойш 1,5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан манай салбарын нийт 62 зорилт, 93 арга хэмжээнээс 77 арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангаж, 16 арга хэмжээг тодорхой үр дүнд хүргэсэн буюу 70 хүртэл хувийн гүйцэтгэлтэй байгаа нь салбарын нийт ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг энд онцлон тэмдэглэе.
2017 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон салбарын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг нэгдүгээрт, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гуравдугаарт, эцэг, эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг устгах гэсэн гурван зорилтоор тодорхойлсон билээ.
Салбарын сайдаар ажилласан өнгөрсөн 5 сарын хугацаанд Та бүхний хамтын хүч оролцоотойгоор эдгээр зорилтын хүрээнд ард иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгөхүйц бодлогуудыг хэрэгжүүлж ажиллалаа.
Нэгт, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
- Тэтгэвэр авагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн даатгалын тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Мөн нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 70.000 төгрөг болгон нэмэгдүүлснээр тэтгэвэр авагчдын сарын дундаж орлого 9,3-11 хувиар өслөө.
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж ахмадуудын зээлийн хүүгийн дарамтыг 2 тэрбум төгрөгөөр багасгалаа. 2016 онд 18 хувьтай байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 оны 2 дугаар сараас эхлэн жилийн 12 хувь болгон бууруулж, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг сар бүр бодит орлоготой байлгахын тулд тэтгэврийн 30 хувийг заавал ахмадуудын гар дээр очиж байх зохицуулалтыг хийж тэтгэврийн зээлийн нөхцөлийг өөрчиллөө.
- Тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлсэн нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх ажлын хэсгийг Гурван талт үндэсний хорооноос байгуулж ажиллалаа. Судалгааны үр дүнд иргэн өөрөө хүсвэл 60 болон 55 насандаа тэтгэвэрт гарах, тэтгэврийн насыг 3 сараар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Харин хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл болон нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг нэмэгдүүлэхгүй юм.
- Хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүдийн орлогын баталгааг хангах зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр 50.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гаргалаа. Ингэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчин эхчүүдийг дээрх тэтгэмжийг авахаар журамласан. Мөн өрх толгойлсон эх эцгийн нийгмийн баталгааг хангах амлалтаа ажил хэрэг болголоо. Өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240.0 мянган төгрөг олгох хуулийг батлуулав.
- УИХ-аас баталсан малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хуулийг цаг наргүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд ажиллаж амьдардаг малчид нааштай хүлээн авч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай, иргэдийн малчнаар ажилласан хугацааг нотлох баримт ихэнх аймгийн архивт байхгүй зэрэг хүндрэлүүд үүсч байна. Иймд 1991-1994 онд ажилласан жил нөхөн тооцсон хугацааг малчнаар ажилласан жилд тооцох, 1995 оноос хойш мал тооллогын А данс байхгүй тохиолдолд орон тооны бус зөвлөл тодорхойлж байхаар журамлана.
- Өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан ч эх үүсвэр шийдээгүйн улмаас 2017 оны 8 дугаар сараас хүүхдийн мөнгийг олгоогүй байсан билээ. Засгийн газар 2017 оны төсөвт өөрчлөлт оруулж хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж хүүхдийн мөнгийг онд нь багтаан бүрэн олголоо. Энэ оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа бөгөөд хүүхдийн мөнгө авч байсан хүүхдүүдийн мэдээллийн бүтцэд өөрчлөлт орж тухайн орон нутгийн амьжиргааны түвшний ялгаатай байдлаас шалтгаалан нийслэл, аймгийн төв, зарим сумдад хамрах хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин 100 орчим мянган хүүхэд судалгаанд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан байна. Зарим орон нутгийн хувьд судалгааны мэдээлэл цуглуулах ажил хангалтгүй хийгдэж өрхийг хамруулаагүй орхисоноос хасагдлаа гэсэн асуудал нэлээн гарч байна. Цаашид энэ оны IV улирлаас нийт хүүхдийн 80 хувьд олгоно.
- Ядуурал нэмэгдэж буйтай холбогдон ядуу, эмзэг бүлэгт хүрдэг хүнсний эрхийн бичгийн хамрах хүрээг 2017 оны 11 дүгээр сараас 2 дахин, мөнгөн дүнг 20 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүнсний эрхийн бичиг олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн зарим гишүүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах бусад нөхцөл шалгуур тавьж, биелүүлсэн тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Хүнсний дэмжлэгт хамрагдах хүрээг 2 дахин нэмэгдүүлээд байхад хамрагдаж байсан өрх, иргэн хасагдлаа гэх гомдол тасрахгүй байна. Энэ нь ажил хариуцаж буй Та бидний хариуцлагатай нөгөө талаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж буй аргачлалтай холбоотой. Цаашид өрхийн амьжиргааны түвшинг тооцож буй аргачлалыг энгийн, хялбар, иргэдэд ойлгомжтой болгох шаардлага ч байна.
- МҮЭ, МАОЭХ-той хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны хэлэлцээрт нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн тодорхой асуудлыг нэмж тусган өөрчлөлт оруулав.
- ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй тохиролцсоны дагуу 2017 онд цалин хөлсийг нэмэх боломжгүй байсан тул 2017 оны төсвийн тодотголд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгох ажлын үр дүнгийн урамшууллын эх үүсвэрт 55.4 тэрбум төгрөг тусгуулж, оны эцэст төрийн албан хаагчдад ажлын үр дүнгийн 300.0 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Энэ оны төсөвт үр дүнгийн урамшуулал олгоход 56.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан бөгөөд ОУВС-ийн ажлын хэсэгтэй зөвшилцөж 2018 оны IV улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр боллоо.
- Багш нарын үр дүнгийн урамшлын хувь хэмжээ, олгох хугацааг шинэчлэн тогтоох, зарим нэмэгдэл хөлсийг тооцох журмыг Засгийн газрын шийдвэрээр шинэчлэн улирлын урамшууллыг сарын урамшуулал болгон өөрчиллөө.
Хоёрт, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
- 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр, 2 үйлчилгээ, бусад төсөл, арга хэмжээг ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэд, залуучууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, ахмад настан, ажил олгогч зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүллээ. Эдгээр хөтөлбөр, арга хэмжээнд 48,3 мянган иргэнийг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд 150,0 орчим мянган иргэнийг хамруулж, ХЭДС-гаас 53,5 тэрбум төгрөгийг зарцууллаа.
- ХЭДС-гаас жижиг зээлийг 2224 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил аж ахуйн нэгжид 20,0 тэрбум төгрөгийн жижиг зээлийг олгож, 2451 ажлын шинэ байрыг бий болгожээ. Жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд аймаг, суманд салбаргүй арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр байршуулдаг дутагдлыг засах шаардлагатай.
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд мөн бодлогын томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотойгоор чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, агуулгын залгамж, уялдаа холбоо, үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг сайжруулах, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны чанарын баталгаажуулалт, хяналтыг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болон бүсийн арга зүйн төвүүдийг чадавхижуулах шинэ зорилтуудыг тавьсан.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэжлийн түвшинг үнэлж баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах болон жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам зэрэг холбогдох үйл ажиллагааны зохицуулалтыг хийсэн.
- Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох чиглэлээр төрөлжилтийн судалгаа, сургуулиудын үнэлгээг хийлгэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон шийдвэр гарган хэрэгжүүлж эхэллээ.
- Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний зохицуулалтыг хөдөлмөрийн зах зээлийн төлөв, хандлагатай уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр гадаадаас авч буй ажиллах хүчний тоог бууруулах, монгол ажиллагчдыг дагалдуулан сургах замаар мэргэшсэн ажиллах хүчнийг байнгын ажлын байраар хангах арга хэмжээг авч ажилласнаар 2017 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон гадаадын ажиллах хүчний тоо 19715 болж өмнөх оноос 40 хувиар буурсан байна.
- Япон улстай “Техникийн ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр”, Бүгд Найрамдах Солонгос Улстай “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо”-ны хүрээнд болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Хамтран ажиллах” Санамж бичгүүдийг тус тус байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Гуравт, Эцэг, эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах зорилтын хүрээнд:
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэгтэй Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг тусгай сургалтаар бэлтгэн, улсын байцаагчийн эрх олгон ажиллуулж эхэллээ.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор батлууллаа. Энэхүү үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн бүхий л харилцаанд тэгш оролцох нөхцлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, зөв хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
- Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийг байгуулав. Ингэснээр залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын уялдааг хангаж, нэгдсэн зохицуулалттай болно гэж харж байна. Мөн залуучуудад хөгжлийн сургалтууд, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн холбон зуучлах үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна залуучуудын оролцоог дэмжих Залуучуудын хөгжлийн төвүүдийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулж эхлээд байна.
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахаар Үндэсний хэмжээнд салбар, төрийн бус байгууллагын төлөөллийг хангасан 609 хамтарсан баг ажиллаж байна. Үндэсний хэмжээнд “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаан зарлаж, 16 аймаг, 6 дүүргээс нийт 38 хамтарсан баг материалаа ирүүлснээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан баг шилдгээр шалгарсан байна.
- “Тогтвортой хөгжил залуучуудын оролцоо”, “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган, “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа”, “Сайхан Монгол ээж” арга хэмжээ, “Тогтвортой хөгжил - эмэгтэйчүүд” төвийн бүсийн чуулганыг тус тус зохион байгуулж гарсан зөвлөмж дүгнэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- ХБИ-ийн Үндэсний зөвлөлийн хурлыг хуралдуулж халамжийн тэтгэврийг АДТ-д хүргэж нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Мөн Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн үндэсний төвийг Засгийн газрын агентлаг болгон өргөжүүлэх шийдвэрийг гаргалаа.
- Энэ жилээс АХБ-ны дэмжлэгтэйгээр ХБИ-ийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах 25 сая ам долларын төслийг эхлүүлнэ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “ХБИ-ийн спортын ордон” барьж байгуулахаар болов.
Өнгөрсөн 5 сарын хугацаанд хийсэн ажлын үр дүн, эрч хүчээ цаашид алдахгүйгээр дээр дэвшүүлсэн 3 зорилтод тулгуурлан 2020 он хүртэл дараах асуудлуудад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Нэгдүгээрт, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
- Ядуурлын түвшинд буй ядуу хүн амыг үндсэн 3 бүлэгт хувааж, тэдний эрэлт хэрэгцээ, чадавхи боломж, нөхцөл байдалд нийцсэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг бүлэг тус бүрд ялгаатайгаар хүргэнэ.
- Хэн хаана ядуу байгаа мэдээллийг сум, баг хороогоор гаргаж, 2020 он хүртэл эдгээр иргэдийг ядуурлаас гаргахад орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллана.
- Хамгийн бага хэрэглээтэй буюу ядуурлын түвшингөөс доогуур орлоготой нэн ядуу иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэнэ. Үүнд, мөнгөн тэтгэмж олгох, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдэд нь сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцах үйлчилгээг хүргэнэ.
- Ядуурлын түвшинд буй ядуу бүлгийн хүн амд зориулан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулж түр болон нийтийг хамарсан ажлын байраар хангахад анхаарч ажиллана.
- Ядуурлын шугамын ойролцоо хэрэглээтэй эсхүл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй боловч ядууралд өртөх эрсдэлтэй хүн амд зориулж ажлын байранд зуучлах, ажлын байрыг нь хадгалах, мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах, жижиг зээл олгох, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Мөн энэ бүлэгт хамаарах ажилтай боловч цалин орлого багатай иргэд, тэтгэвэр авагчдын бодит мөнгөн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авна.
- Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний 10-15 хувьтай тэнцэж байна. Энэ нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудаас 5-6 дахин бага байна. Иймд эдийн засгийн хямралтай өнөөгийн нөхцөлд халамжийг хямралд илүү өртөмтгий эмзэг, ядуу хэсэгт буюу зорилтот бүлэгт чиглүүлнэ.
- Гэхдээ зорилтот бүлгийг тодорхойлж байгаа өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгааны аргачлалыг дахин сайжруулах, цалин, тэтгэвэр зэрэг өрхийн бусад мөнгөн орлоготой уялдуулах, өрхийн мэдээллийг татвар, даатгал, үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад байгууллагын мэдээллийн сантай уялдуулах, ашиглалтыг сайжруулахыг зорьж байна. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн цогц үйлчилгээг хүргэх шаардлагатай байна.
- Зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээний нэр төрөл, хэмжээ хүртээмжийг нэмэгдүүлж, халамжийн зарим хөнгөлөлт тусламжийг нэгтгэн багцалж, Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, 2018 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх болно. Халамжид зарцуулж байгаа мөнгөний дүн багагүй боловч нэг хүнд оногдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага байгаа гэсэн иргэдийн шүүмжлэл ч үнэний хувьтай гэж үзэж байна.
- Зорилтот бүлгийн өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, орон нутаг нь ард иргэдээ ядуурлаас ангид байлгахын төлөө хамгийн түрүүнд хичээж ажилладаг болох нь чухал байна.
- Ахмадуудаас байнга тавьдаг хүсэлт бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудал юм. Нийт тэтгэвэр авагчдын 50-иас илүү хувь нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч, дундаж тэтгэврийн хэмжээ нь дундаж цалингийн 40 хувьд хүрэхгүй, ихэнх ахмад настан тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авах замаар хэрэгцээгээ хангаж байна.
- Тэтгэврийн хэмжээ харьцангуй бага, эрхэлж байсан ажил албан тушаал нь адилхан, шимтгэл төлсөн хугацаа нь ойролцоо, гагцхүү тэтгэвэр тогтоолгосон цаг хугацаа нь өөр өөр иргэдийн тэтгэврийн хэмжээ нь зөрүүтэй байна.
- Иймд ирэх жилд хэрэглээний үнэ, инфляцийн түвшин, дундаж цалин хөлсний өсөлтийг үндэслэн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох замаар цалингийн үнэлэмжээс хамаарсан тэтгэврийн зөрүүг багасгах, улмаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Одоо тэтгэвэр авч байгаа иргэдийн асуудлаас гадна өнөөгийн тэтгэврийн системийг зайлшгүй шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байна. Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулж, шинэчлэлийг бидний хойч үед татварын дарамт учруулахгүй, даатгуулагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх бодлогын оновчтой хувилбарыг олон нийтийн санаа бодолд нийцүүлэн тодорхойлж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ.
- Төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онуудад үе шаттайгаар нэмэгдүүлэх бөгөөд 2018 оны 10 дугаар сард инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2018 онд 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх замаар бага цалинтай иргэдийн орлогын түвшинг дээшлүүлнэ.
- Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь ажил мэргэжлийн ангилал, зэрэглэл, цалин хөлс, урамшууллын тогтолцоог шинэчлэх асуудал хамаарч байгаа.
- Соёл, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний салбарын ажиллагчдын төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэх болон зарим нэмэгдлийг тогтоох замаар эдгээр салбарт ажиллагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ.
Ажилгүйдлийг бууруулж, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг идэвхижүүлэх арга хэмжээний үр дүнд зохих ахиц гарч байгаа хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран байнгын, зохистой ажлын байрны тоо дорвитой нэмэгдэхгүй, ажилгүйдлийн түвшин буурахгүй байна. Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын уялдааг орон нутагт хангаж ажиллахыг та бүхэнд үүрэг болгож байна. Ялангуяа аймаг, дүүрэг, сум хорооныхоо ажилгүй, ажил хайгч иргэд, ядуу өрх, иргэний судалгааг гарган тэдгээр иргэдийнхээ боломж чадавхи хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч, 2018 онд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Үүнд:
- Ядуурал, ажилгүйдэлд бүртгэлтэй буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж орлоготой болгох бодлого хэрэгжүүлнэ.
- Ажилд зуучлах үйлчилгээний чанарыг сайжруулах, ингэхдээ эдийн засгийн томоохон бүтээн байгуулалт, төслүүдийн хүрээнд бий болох ажлын байрны захиалгын нэгдсэн бүртгэлийг хийж, тэдгээрт нийцүүлсэн оновчтой хуваарилалт хийх, бэлтгэх, бүртгэл, мэдээллийн чанарыг сайжруулах, үйлчилгээний үр дүнг ил тод, нээлттэй мэдээлэх;
- Ажлын байрны захиалгын 73 хувьд нь ажилгүй иргэдийг зуучилж байна. Энэ байдалд дүгнэлт хийж ажлын байрны захиалгыг нэмэгдүүлэх санал санаачилгыг дэмжихэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжүүдэд квотын дагуу монгол ажилчин ажиллуулах гадаад ажилчдыг дагалдуулан монгол ажилчдад ур чадвар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллана.
- Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын бүтцийн онцлогийг харгалзан албан бус салбар, хувиаараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор зорилтот төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Зохион байгуулалттай хөдөлмөр эрхлэлтийг сум орон нутгийн ажилгүй иргэд, залуучуудыг хоршин ажиллах, багаар хөдөлмөрлөх хэлбэрээр дэмжин хэрэгцээ шаардлага бүхий ажил, үйлчилгээг хөгжүүлэх байнгын ажлын байрыг бий болгоно.
- Нийслэл, аймаг, сумын төвөөс орон нутгийн малчидтай гэрээний үндсэн дээр мал маллуулах, сургалтад хамруулах, 2 жил хүртэлх хугацаанд тогтвортой ажиллуулах зорилгоор гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Энэхүү төсөлд өрх, гэр бүлээр мал маллах хүсэл сонирхол бүхий иргэдийг хамруулах ба гэрээт малчид сайн дурын, эрүүл мэндийн даатгалд, эсхүл ажил олгогч болон гэрээт малчид нийгмийн даатгалд бүрэн хамрагдах нөхцөлийг дэмжих, нүүх болон суурьших зардлын зохих хэсгийг хариуцахаар төлөвлөөд байна.
- Ур чадварт түшиглэсэн ажлын байрыг дэмжих төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгийн санхүүгийн эргэн төлөгдөх, хүүгүй дэмжлэг үзүүлэх, сургалт болон зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ур чадвар бүхий иргэнийг хамруулж зохион байгуулна.
- 2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг 25,9 тэрбум төгрөгт хүргэх ба хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
- Түүнчлэн ХЭДС-гийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх арга хэмжээнээс гадна Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төслийн үр дүнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний жишиг стандарт, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулан нийт 64100 иргэнийг үйлчилгээнд хамруулна.
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ажил мэргэжлээр ажиллах хүчнийг сургаж бэлтгэх, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлого зохицуулалттай уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага /МБСБ/-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж төгссөн иргэдийг гадаадад дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. МБСБ-ууд дадлагажигч бэлтгэх, хэлний сургалт явуулах чадавхийг бэхжүүлнэ.
- МБСБ-ын сургалтын хөтөлбөрийн онол, дадлагын үйл ажиллагааг зохистой харьцаатайгаар шинэчлэх, дадлагын үйл ажиллагааг зах зээл, бизнест чиглүүлэх үр өгөөжтэй зохион байгуулах, үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаанаас орлого олох, түүнийгээ сургалтын чанарыг дээшлүүлэх, багш ажиллагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр захиран зарцуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
- МБСБ-ын асуудал хариуцсан бүтцийг боловсронгуй болгож яаманд газрын зохион байгуулалтад оруулна. Мөн МБСБ-ын ТУЗ-ийг шинэчлэн орон нутгийн удирдлагаас ТУЗ-ийг ахалж ажиллуулдаг болгоно. Тун удахгүй Засгийн газраар МБС-ын талаар авах арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцүүлж тогтоол шийдвэр гаргуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье.
- МБСБ-ын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Зарим төсөл хэрэгжээд 3 жил болж буй ч дорвитой хийгдсэн хөрөнгө оруулалтгүй шахам байгаад анхаарч ажиллана.
- Мэргэжлийн боловсролын элсэлт буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд элсэлтийн босго оноог бууруулсан нь ихээхэн нөлөө үзүүлж байна. Энэ мэт бодлогын алдааг засаж сайжруулах болно.
Гуравдугаарт, эцэг, эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- Хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах зорилгоор хүүхдийн хөгжил, хамгааллын зардлын 60 хувийг урьдчилан сэргийлэх, 40 хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулна. Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээний багцыг тодорхойлж, үйлчилгээний зардал тооцох аргачлалтай болно.
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах хохирогчид үзүүлэх үйлчилгээг бий болгоход анхаарч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу аймаг, дүүрэг болгонд хамгаалах байр байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Яамнаас 2018-2020 онд НҮБ-ын Хүн амын сан, АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийт 10 аймаг, 5 дүүрэгт хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох үүрэг хүлээсэн хүнийхээ хувьд Та бүхэн өөрийн орон нутгийн эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг, тэдний амьдралын нөхцөл байдлыг нэг бүрчлэн мэддэг байх ёстой. Нийгмийг цочроосон аймшигт хэрэг гарсаны араас нь биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд анхаарах хэрэгтэй.
- Халамж, асрамжийн төвд байгаа хүүхдүүдийг гэр бүлийн болон түүнтэй дүйцэхүйц орчинд өсгөн хүмүүжүүлэх бодлого баримталж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд үе шаттайгаар шилжүүлж шинэ төрлийн үйлчилгээг бий болгоно. Энэ хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээг улсын болон хувийн хэвшлээр нь ялгахгүйгээр чанар, үр дүнд суурилсан үйлчилгээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бий болгож, тогтолцоог бүрдүүлнэ. Мөн асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, асрамж халамжийн төвүүдээс насанд хүрээд гарч буй залуучуудыг амьдралд хөлөө олоход нь бодлогоор дэмжих үйл ажиллагааг бүх шатанд авч хэрэгжүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгох хүрээнд салбарын бүх байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахыг Та бүхэнд үүрэг болгож байна.
Салбарын бүх шатны удирдах ажилтнууд та бүхэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2018 оны үйл ажиллагаанд дараах 3 гол асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгож байна.
Нэгдүгээрт, 2018 онд салбарын хуулиудын шинэчлэлийн боловсруулалтыг эцэслэж дуусгах жил байх болно.
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах 18 хуулийн төсөл, үзэл баримтлалыг Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
- Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж хуулийн үзэл баримтлалыг батлуулсан. Хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажиллах хүч, мэргэжилтэн авах шаардлагыг шинээр бий болгох, гадаадаас ажиллах хүч авсан тохиолдолд монгол ажилчдыг сургах, ажиллуулах чиг үүргийг бий болгох зэргээр олон улсын гэрээ конвенцийн зарчимд нийцүүлэн холбогдох зохицуулалтыг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тогтоох зэрэг зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлтийг тусгаад байна.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэшлийн үндэсний хүрээг бий болгож, төлөвшүүлэх, МБСБ-уудыг төрөлжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн механизмийг бүрдүүлэх, улмаар бие даасан санхүүжилтийн эх үүсвэрт шилжих, багш, ажилтныг чадавхижуулах, өсөн дэвших нөхцөл, боломжоор хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, урамшуулал хөшүүргийг бий болгох зохицуулалтуудыг тусгаад байна.
- Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хүрээнд ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээг илүү нэмэгдүүлж, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг урамшуулах замаар ядуурлаас гаргах бодлогыг баримтална.
- Нийгмийн даатгалын багц хуулиудын төслийг 2018 оны намрын чуулганаар өргөн барихаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн, Малчны тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулж байна.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, түүний дагуу хэрэгжүүлдэг арга хэмжээ, үйлчилгээг боловсронгуй болгож, “халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зарчмын агуулгыг тусгах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэр нь гадаадын ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийн орлогоос шууд хамаарч байгааг өөрчилж, өөр бусад эх үүсвэрээс, ялангуяа Улсын төсөв болон Ажилгүйдлийн даатгалын сантай уялдуулах зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ойрын, дунд, хэтийн хугацааны судалгааг холбогдох аргачлалын дагуу хийж, дүн, мэдээг нийтэд түгээх замаар зөв мэргэжил сонголтыг дэмжих харилцааны зохицуулалтыг хийх юм.
- Нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийг дэмжиж, гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжих, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг хуулиар зохицуулах, ялангуяа эцэг, эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Дээр дурдсан 11 хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад анхан шатны байгууллагын санал, идэвхи оролцоо чухал тул Та бүхэн хэрэгжилтийн түвшинд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хуулийн шинэчлэлд тусгах талаар анхаарал хандуулж хамтарч ажиллах нь зүйтэй юм.
Хоёрдугаарт, салбарын хэмжээнд авлигын хяналтыг сайжруулж, сахилга хариуцлагыг чангатгаж ажиллана.
Яам байгуулагдсанаас хойшхи хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн бус байгууллагуудын гэрээт ажил үйлчилгээний үр дүн зэрэгт тусгайлсан удирдамжийн дагуу хяналт шалгалт, дотоод аудитын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын үр дүнгээс харахад, салбарын хэмжээнд хуулийн хэрэгжилт хангалттай бус, хуулийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих тогтолцоо бүрэн гүйцэд төлөвшөөгүй, сул, төлөвлөлт, тайлагналтын механизм боловсронгуй бус, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа боловсон хүчний чадавхи, мэдлэг, ур чадвар, санхүүгийн сахилга бат жигд бус, хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлаж энэ хүрээнд “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаварыг гаргасан билээ.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан бичгээр тодорхой чиглэлийн дагуу 2018 онд салбарын бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж салбарын нэр төрийг өндөрт өргөж ажиллахыг та бүхэнд чиглэл болгож байна.
Салбар нэгж байгууллагын дарга нар орон нутгийн тухайн шатны Засаг даргадаа ажлаа тайлагнадаг, нутгийн иргэд, олон нийтийн байгууллагуудад ажлаа танилцуулж, хэлэлцүүлж, дүгнүүлдэг зарчимд энэ жилээс шилжиж байгааг та бүхэн анхааралдаа авахыг хүсье. Манай салбар бусадтай харьцуулахад ард иргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангах үйлчилгээг үзүүлж байдгийн хувьд тэдэнд хүндэтгэлтэй хандан, өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж үйлчлэх шаардлагатай байдаг. Тиймээс үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр иргэдийг элдвээр загнах, хэл амаар доромжлох, хүнд суртал гаргах зэрэг асуудлууд нэг бус удаа гарч байгаа тул дээрх алдаа дутагдлыг салбарын хэмжээнд таслан зогсоох, иймэрхүү байдлаар ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан ажилтан албан хаагчтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй.
Түүнчлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгохгүй байх, авлига, хээл хахууль, шударга бус байдалтай салбарын бүх шатны удирдах ажилтнууд Та бүхэн хатуу тэмцэж, зохих арга хэмжээг авч ажиллахыг хатуу сануулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харьяа байгууллагуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 6-ны 1/3124 тоот албан бичгээр тодорхой чиглэлүүдийг хүргүүлсний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг даалгаж байна.
Гуравдугаарт, төсвийг үр ашигтай, зөв зохистой зарцуулж, хөтөлбөр арга хэмжээг төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцын төсөв 2018 онд 3,7 их наяд төгрөгөөр батлагдаж өнгөрсөн оноос 21,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улсын 2018 оны төсөвт нийгмийн хамгааллын шинжтэй зардал их тусгагдаж, иргэд рүү нийгэм рүү чиглэсэн төсөв болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтад нийт 36.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл, арга хэмжээний 2018 онд санхүүжих 17.3 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд шинэ хөрөнгө оруулалтад 10.2 тэрбум төгрөг, шилжих хөрөнгө оруулалтад 2.3 тэрбум төгрөг, их засварын зардалд 3.0 тэрбум, тоног төхөөрөмжид 1.8 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Шинэ хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын чиглэлээр 8, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 6, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр 3 төсөл арга хэмжээ нийтдээ 17 шинэ төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Мөн 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 6 төсөл хөтөлбөрт 25.6 тэрбум төгрөгийг зарцуулна.