Нийгмийн зөвшлийн гурван талт төлөөллийн Ази, Номхон далайн бүсийн уулзалтад оролцож байна
Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2022 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулж байгаа Ази, Номхон далайн бүсийн “Нийгмийн хамгаалал ба албан бус эдийн засаг” сэдэвт гурван талт уулзалтад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга. Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Рэгзэн, МҮЭХ-ны Я.Алтантуяа, МАОЭХ-ны Д.Хадхүү нар оролцож байна.
Энэхүү уулзалтаар Ковид-19 цар тахлын үед иргэд, ялангуяа, албан бус салбарт ажиллагсдад үзүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ, үр нөлөөний талаар оролцогч улсын төлөөлөл сайн туршлагаа хуваалцлаа.
ХЭАБДХ-ийн дарга Б.Алтантулга панел хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын бодлогын талаар танилцууллаа. Уулзалтад оролцогчид Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн Хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн үр дүнг сайн туршлагад онцолж байна.
Гол илтгэгч Олон улсын ажил олгогч эздийн байгууллагын ахлах зөвлөх Пиер Инсенсиви “Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд ажиллах хүчний 60.0 хувь нь албан бус салбарт ажиллаж байна. Бүсийн хэмжээнд албан бус салбарт ажиллагсдын 55.9 хувь нь ямар нэг нийгмийн хамгааллын, жирэмсэн эхчүүдийн 54.1 хувь нь эхчүүдийг хамгаалах, 75 хувь нь үйлдвэрлэлийн ослын, 86 хувь нь ажилгүйдлээс хамгаалах арга хэмжээнд хамрагдаж чадахгүй байна. Иймд бүс нутгийн хэмжээнд нийгмийн хамгааллыг өргөжүүлэх замаар албан бус эдийн засгийг албажуулах талаар туршлага сургамжаа хуваалцан хамтран ажиллах шаардлагатай” -г онцоллоо.
Тайланд, Бангладеш, Филиппин, Вьетнам, Непал, Энэтхэг, Фижи, Япон, БНСУ, Монгол Улсын нийгмийн зөвшлийн 3 талт түншлэгч байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтаас цаашид нийгмийн түншлэлийн гурван талт байгууллагын албан бус эдийн засгийг бүртгэлжүүлэх, албажуулах асуудлаар зөвлөмж гаргах юм.
Дээш