"Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого"-ын төслийг хэлэлцүүллээ
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж байгаа билээ. Хууль батлагдсантай холбоотойгоор дагалдан гарах дүрэм журам, стандарт аргачлалыг боловсруулан батлуулж мөрдүүлж байна.
Тус хуульд “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх”, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг хориглох”, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох” чиглэлээр тусгасан зохицуулалтуудын хэрэгжилтийг хангах шаардлага бий болоод байна.
Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үндсэн суурийн нэг нь Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг дэмжих явдал юм.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газраас Зохистой хөдөлмөрийн талаар баримталж буй бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Жендэрийн бодлого төлөвлөлтөд баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлийн ялгаатай байдал, түүнээс үүдэн гарах жендэрийн ялгаатай эрэлт хэрэгцээг хангах; эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд үүсэн гарч буй асуудлыг жендэрийн хандлага талаас нь авч үзэх, хэрэгжүүлэх мэдлэг ойлголт, туршлагыг үндэсний түвшинд боловсронгуй болгох, сайжруулах зорилгоор “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах нь чухал байна.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Зөвлөх Т.Энхтуяа, МҮЭХ, МАОЭНХ болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд “Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгон хөгжүүлэх шаардлага, бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх үе шат, зарчим, чиглэл, үйл ажиллагааг танилцуулан, санал солилцов.
Улмаар оролцогчдын саналыг тусган ойрын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.
Дээш