Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний арга зүйн талаар сургалт зохион байгуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан багийн гишүүд болон гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан албан хаагчдын ажил, үүргийн уялдаа холбоог сайжруулах, хамтарч асуудлыг шийдвэрлэх чадвар дээшлүүлэх зорилготой “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний арга зүй, кейс менежмент” сэдэвт сургалтын 2022 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Хамтарсан багийн нийгмийн ажилтан, 21 аймаг, 6 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Сургалтын эхний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хүрэлцэн ирж, оролцогчдод Засгийн газрын бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, төсөв, цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгч, салбарын албан хаагчид анхан шатанд бодлого шийдвэр, хууль журмын хэрэгжилтийг ханган сэтгэл гарган ажиллахыг сануулсан.
Хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалж, үйлчилгээ үзүүлэхээс гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээнд нийцсэн нийгэм, сэтгэл зүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Тиймээс нийгмийн ажлын арга зүйг практик дадлагатай хослуулан ур чадварыг дээшлүүлэх нь сургалтын гол зорилго юм.