Аймаг, сумдын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Аймаг, сумдын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан
мэргэжилтнүүдийн төлөөллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2022 оны 11
дүгээр сарын 11-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн
халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар хүлээн авч
уулзлаа.
Мэргэжилтнүүдийн зүгээс халамжийн болон хөдөлмөр
эрхлэлтийн хууль тогтоомж, бодлогыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа болон үйлчилгээний
цахимжуулалтын явц, сайн үр дүнгийн талаар удирдлагуудад танилцуулж, санал
солилцов.
Төрийн нарийн бичгийн
дарга Г.Өнөрбаяр: “Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэлийн хүрээнд зорилтот
бүлгийн өрх, иргэнд халамжийг хэрхэн оновчтой хүргэх, хөтөлбөрүүдийг нэгтгэх,
халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогыг хуулийн төсөлд тусгахад анхан
шатны нэгжид ажиллаж байгаа та бүхний санал чухал ач холбогдолтой. Цаашид
нийгмийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, орон нутагт
ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн шатлал, нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэнэ”
гээд тэдэнд ажлын амжилт хүслээ