Уртын ээлжийн горимын хэрэгжилтэд үнэлгээ хийх ажил явагдаж байна
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу уул уурхай, олборлох салбарын зарим аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уртын ээлжээр ажиллах горимын хэрэгжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийн, цаашид хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн талаар санал зөвлөмж боловсруулах ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, олборлох салбарын ажил олгогч, ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уртын ээлжийн горимын хэрэгжилтийн нөхцөл байдал, гарч буй хүндрэл бэрхшээл, сайн тал, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага хийж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХК, Энержи ресурс ХХК, Оюу толгой ХХК болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, талуудын байр суурьтай танилцлаа. 14/14 горим уул уурхай, олборлох салбарт хэрэгжиж эхэлснээр ажил олгогч талаас ажиллах хүчний зардал нэмэгдсэн хэдий ч ажилтан гэр бүлдээ зарцуулах цаг нэмэгдэн, ажил амралтын зохистой тэнцвэрт байдал сайжирсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/164 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахалж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл ажиллаж байна.
Дээш