Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын төсөлд санал авч байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд УИХ-аар батлагдаж, тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх тухай журам”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байсныг 2015 онд шинэчлэн боловсруулж Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар баталж, мөрдөн ажиллаж байна. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх нь аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын байрны орчинд нөлөөлөх хими, физикийн хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлсийг илүүлэх, газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийг тодорхойлон хэмжилт, судалгаа хийх, үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход гол зорилго оршдог. Иймээс ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллагуудын тоог нэмэгдүүлж, ажлын байрны орчныг сайжруулан ажиллах хэрэгтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаал нь 4 зүйлтэй бөгөөд 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтыг 2019 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас
холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоодоос санал авсан бөгөөд
давхцсан байдлаар дараах саналуудыг ирүүлээд байна.
Үүнд:
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартуудыг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлж байгаа тул журмыг уг стандартуудтай уялдуулах;
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг итгэмжлэгдсэн байгууллагуудын багаж хэрэгсэл, мэргэжилтнүүдийн мэргэшсэн байдал, чадамж, үнэлгээ хийж буй байдалд хяналт тавих асуудлыг тодорхой тусгах;
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн аж ахуйн нэгжийн тайлан, мэдээг бүртгэх нэгдсэн цахим системийн санг бүрдүүлэх;
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тодорхойлогдсон ажлын байрыг НХХС-ын 2004 онд 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д оруулах саналыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх тухай асуудлыг тодорхой оруулах.
Иймд “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг одоогийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлагатай болно. Журмын төсөлд өгөх саналаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор НДБХЗГ-ын мэргэжилтэн М.Уянгад ирүүлнэ үү. Утас 261841 цахим хаяг: uyanga@mlsp.gov.mn