“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын төсөлд санал авч байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 22 дугаар зүйлийн 22.1.5“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох” асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан.

Өнөөдөр улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн богино хугацааны түр сургалтын үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан 125  байгууллага байгаа бөгөөд эдгээр байгууллагын  70 орчим хувь нь сургалтын үйл ажиллагаа  явуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын 6.3-д “ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд 2 жил тутам хяналт үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу сургалтын байгууллагын үйл ажиллагаа, шаардлага, стандартын байдалд хяналт-үнэлгээг 2015 болон 2018, 2021 онуудад хийсэн болно.

2021 онд хийсэн хяналт үнэлгээнд сургалтын байгууллагын 85 орчим хувь нь хамрагдаж, багшийн мэдлэг ур чадвар дутагдалтай, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хичээлийн агуулга хөтөлбөр мэргэжлийн бус гэсэн нийтлэг зөрчил илэрсэн.

Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ажлын хэсэг байгуулж,  2021 онд хийсэн хяналт-үнэлгээний дүгнэлтэд үндэслэн холбогдох аж ахуйн нэгж байгууллага, сургалтын байгууллага, суралцагч нараас санал авч нэгтгэн 8 удаагийн хэлэлцүүлэг хийж, журамд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар саналаа ирүүлээд байна.  Үүнд:


  1. 19 заалтад өөрчлөлт оруулж шинэчлэн сайжруулах;
  2. 16 заалт шинээр нэмэх;
  3. Эрсдэлтэй ажлын байрны сургалтын хөтөлбөрт 3 сэдэвийг 6 цагийн багтаамжтайгаар нэмэх;
  4. Хөтөлбөрт шинэчлэн сайжруулахаар 2 заалтад өөрчлөлт оруулах;
  5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хэлтсийн 2 удаагийн саналын дагуу 4 заалтад сайжруулалт хийж, 1 санал шинээр нэмэх гэсэн санал ирүүлсэн байна. 

Дээрх журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/183 дугаар тушаалаар баталсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, сургалтын байгуулага, зөвлөх багш нарын төлөөлөлүүдээс бүрдсэн болно.

 Ажлын хэсгийн эхний хурлыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, хурлаар 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам, сургалтын хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулан боловсруулах талаар ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлт гаргаж хэлэлцлээ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам” болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохицуулж байгаа харилцааг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул дээрх журмыг шинэчлэн боловсруулж, батуулахаар ажиллаж байна.

 

Иймд саналаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор НДБХЗГ-ын мэргэжилтэн М.Уянгад/uyanga@mlsp.gov.mn/ ирүүлнэ үү. Утас 261841

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын төсөл
Дээш