ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ - Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын заавар, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний хувилбар, арга зүй боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын заавар, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний хувилбар, арга зүй боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  3 зөвлөхийг багаар ажиллахаар, эсхүл бие даасан зөвлөх бусад зөвлөхтэй баг болон хамтран ажиллахаар тус тусдаа мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Хүүхэд, гэр бүлтэй ажиллах  нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын заавар боловсруулах зөвлөх-1, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний хувилбар, арга зүй боловсруулах зөвлөх-1, дээр дурдсан арга зүй, хувилбар, аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний эцсийн үр дүнг хариуцах багийн ахлагч – зөвлөх-1, нийт 3 зөвлөх ажиллана. Тусдаа ажиллахаар мэдүүлгээ ирүүлэх зөвлөх гүйцэтгэх ажлаа тодорхойлж бичнэ.

 Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

          Багийн ахлагч зөвлөх нь зөвлөх үйлчилгээ эхэлсэн цагаас дуусах хүртэл хугацаанд яаманд ажлын өдөрт бүрэн /8 цагаар/ ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулга хуулийн төслийг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, тухайлбал хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлаар тооцоо судалгаа хийж, хүүхдийн тэтгэлэг тогтоох аргачлал, тэтгэлэг тогтоох схем боловсруулах,
  • Яамны ГБХЗХГ-ын дарга, ХЗХХ-ийн дарга, бүх ажилтнуудтай хамтран ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Бусад 2 зөвлөхтэй байнгын холбоотой ажиллах, үйл ажиллагаанд нь тогтмол  хяналт тавих, уялдуулан зохион байгуулах,
  • Зөвлөхүүдийн боловсруулсан төслийг албан хаагчдаар хэлэлцүүлэх  ажлыг зохион байгуулах, хэлэлцүүлгийн ложистик үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх,
  • Зөвлөхүүдийн боловсруулсан төсөлд захиалагчийн саналыг авч, зөвлөхүүдээр  саналыг тусгуулж эцэслэн, зөвлөх үйлчилгээний эцсийн хариуцлагыг хүлээх,
  • Боловсруулсан гарын авлагын төслийг хэвлүүлэх хүртэл ХНХЯ-тай хамтран ажиллах.

Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын заавар боловсруулах зөвлөх, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний хувилбар, арга зүй  боловсруулах зөвлөх нь үндсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах үүргийг хэрэгжүүлнэ:

  • Ажил, үйлчилгээний хувилбар, зураглал, арга зүйг боловсруулах,
  • Багийн ахлагчийн болон ГББХЗГ-ын даргын зүгээс ажлын даалгаврын хүрээнд өгсөн үүргийн дагуу тооцоо судалгаа хийх, санал боловсруулах
  • Төслийг хэлэлцүүлж, санал авч эцэслэн боловсруулах,
  • Боловсруулсан гарын авлагын төслийг хэвлүүлэх хүртэл хугацаанд ХНХЯ-тай хамтран ажиллах.

 Дээр дурдсан ажлыг 1,5-2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.


Зөвлөхүүд  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 Боловсрол: 

  • Хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
  • Нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн.

 Туршлага:

·         Нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай.

·         Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр  боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай.

·         Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Хэлний ур чадвар:

·         Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн.

Мэргэжлийн ур чадвар:

·         Албан бичиг баримт бичиг боловсруулах;

·         Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;

·         Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;

·         Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;

·         Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;

·         Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон  зөвлөхүүд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Засгийн газрын II байр,

Харилцах утас: 51-261415.

Дээш