Ахмад настны тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх нь: Ичан хотын жишээ судалгаа, олон улсын туршлага солилцох форумд оролцлоо
АХБ, Азийн Хөгжлийн Банкны Хүрээлэн (ADBI) хамтран ахмад настны тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтээс туршлага солилцох, ирээдүйн боломж, сорилтуудын талаар зөвлөлдөх олон улсын онлайн форумыг 2022 оны 9 дүгээр сарын 26-28-ны хооронд зохион байгууллаа.
Энэхүү форумаар:

-АХБ-ны ахмад настны тусламж үйлчилгээний төслүүдийн сайн туршлагыг хуваалцах, урт хугацааны хамтын ажиллагааны нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэх

-Хөгжиж буй гишүүн орнуудын ахмад настны тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхыг бэхжүүлэх

-Насжилтад бэлтгэх, ахмад настны асаргаа сувилгааны асуудлаар ирээдүйн түншлэлийг хөгжүүлэх талаар хэлэлцэж, сайн туршлагыг сонслоо.

Форумд АХБ-ны гишүүд 40 орчим улсын 150 гаруй оролцогч оролцож 5 үндсэн сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Ахмад настны тусламж үйлчилгээний төлөвлөлт, тогтолцоо” салбар хэлэлцүүлэгт оролцож “Монгол Улсын төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, сорилт, бэрхшээл”сэдвээр танилцуулга хийлээ.


2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоо 3,4 сая байгаа бол 2050 онд 5,2 сая болох төлөвтэй байна. Хүн амын өсөлтийн хувь 2016 онд 2 хувь байсан бол 2021 онд 1,6 болж буурсан. Хүн амын тоон үзүүлэлтээс харахад төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурч, хүн амын өсөлт удаашрах төлөвтэй байна.


Харин ахмад настны нийт хүн амд эзлэх хувь 2021 онд 10,1 хувь байгаа бол ҮСХ-ноос гаргасан хүн амын хэтийн тооцооллоор өсөлт цаашид үргэлжлэн ахмад настны нийт хүн амд эзлэх хувь 2050 онд 19,8 хувьд хүрч 5 хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөв ажиглагдаж, хүн ам насжих үйл явц эхэлж байна.


Иймд ахмад настнуудад үзүүлэх нийгмийн үйлчилгээг насжилтыг угтсан бодлого, арга хэмжээнд чиглүүлж, асаргаа, үйлчилгээний хүний нөөцийг бэлтгэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настанд үзүүлэх олон нийт болон өрх, хувийн хэвшилд тулгуурласан цогц тусламж үйлчилгээний шинэ төрлүүдийг бий болгох хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм.


Дээш