"Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д нэмэлт оруулах тухай ХНХСайдын тушаалын төсөлд саналаа өгнө үү
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан бөгөөд уг хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-т “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан тул хуулийн хэрэгжилтийг хангах, тусгагдсан шинэ зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулах хүрээнд тус журмыг боловсруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан.
Журмын 1.3 дахь хэсэгт “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно.” гэж, 2.2 дахь хэсэгт “Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.” гэж тус тус заасан.
Журам хэрэгжиж эхэлснээс хойш төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцох цалин хөлсний бүрэлдэхүүнд өмнөх саруудын нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал орж тооцогдож байгаа нь цалингийн зардал сар бүр тогтмол өсөж, урт хугацаандаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх талаар санал, хүсэлтүүд ирүүлж байгаа тул журамд холбогдох нэмэлт зохицуулал оруулах тушаалын төсөл боловсруулав.
Уг тушаалын төслийг хавсралтаас татаж авна уу.
Тушаалын төсөлтэй танилцаж саналаа tserenkhand@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.