Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамт олныхоо өмнөөс хүргэе.
Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа онцгой жил билээ.
Монголын ахмадын иргэний нийгмийн байгууллагын оролцоо дэмжлэгтэй аймаг, дүүрэг, сумын болон аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх салбар нэгжийн 440 гаруй ахмадын ордон, өргөө, танхимд 12.7 мянган идэвхтэн сонгуультан ажиллаж ахмад настнуудаа анхааран халамжлах, тэдний чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлж урлаг, соёл, спорт, соён гэгээрүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, ахмад буурлуудынхаа эрх ашгийг хамгаалан тэдний дуу хоолой болж төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэн үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархаж байна.
Засгийн газраас ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал, Ахмад настны тухай, Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд нийгмийн даатгалын болон халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулиудад шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.
Цаашид бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд Та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, ахмад буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.
Дээш