МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН “ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ” 27 ДУГААР ТОГТООЛ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд 2016 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Тус зөвлөлд яамд, холбогдох төрийн байгууллагуудын удирдах ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, мөн хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрийн төлөөллийг оруулсан байдаг.
“Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтын “Гишүүд” гэсэн хэсэгт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, зарим агентлагийн дарга нарыг нэмсэн.
Ингэснээр салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжих хувь нэмрээ оруулах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ.