Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай (Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв) Засгийн газрын 2020 оны 59 дүгээр тогтоол
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр нь харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн дадал чадварт сургаж, нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Улс орны эдийн засгийн хүндрэл, төрийн байгууллагуудын худалдан авалт эрс буурсантай холбоотойгоор тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн борлуулалтын хэмжээ жил бүр буурсан.
Иймд Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөн байгуулагдсан.
Тус үйлдвэрийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон шинэчлэн зохион байгуулснаар ажиллагсдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл сайжирч, олон шинэ ажлын байр бий болохоос гадна хараагүй хүмүүсийн нийгмийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэд хамрагдах боломж бүрдэх юм.
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын 2020 оны 59 дүгээр тогтоолыг хавсралт хэсгээс татаж авна уу.