Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлууллаа
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1-д заасан үе шатын дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг холбогдох баримт бичгийн хамт боловсруулан 2020 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байсан.
Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүдээс санал авах үйл явцыг дахин эхлүүлэх шаардлагатай болсон.
Иймд тус яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг дахин боловсруулж 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар батлуулаад байна.
Уг үзэл баримтлалд хүн амын өсөлтийг дэмжих чиглэсэн хөтөлбөр, зорилтот хэсэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг ялгаж зааглах, халамжийн хөтөлбөрүүдийг ХЭ, МБС зэрэг салбарын бодлогыг уялдуулж, ядуурлын шугамаас доош амьжиргаатай өрх, иргэнийг бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулах замаар амьжиргааг дээшлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хамрах хүрээ нь оновчтой, амьжиргаа багатай зорилтот бүлэгт чиглэгдэх, олон нэр төрлийг нэгтгэн багцлах, нөхцөл шалгууртай болгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр тусгасан.
Уг батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн Нийгмийн халамжийн тухай шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.4-8.1.6 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх, санал авах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.