Н.Номтойбаяр: Тэтгэврийг 2018 оноос нэмнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны харилцан тохиролцсон зарим асуудлын биелэлтийг хангаж ажиллах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасныг танилцуулсан юм.
“2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар санхүү эдийн засгийн хувьд хямралтай, маш хүнд нөхцөл байдалтай улс орныг хүлээж аваад ажилласан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авсны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Төсвийн орлого өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад нэлээд нэмэгдлээ. Хэдийгээр бид ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа боловч тооцоолж байсан эдийн засгийн үзүүлэлтүүд маань эергээр гарсан.
Эдийн засаг тэлж, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухлаар хөндөгддөг асуудал бол тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдлийн тухай. Өнгөрсөн даваа гарагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо хуралдсан. Уг хурлын өмнөхөн Ерөнхий сайдаас чиглэл авч Үндэсний гурван талт зөвшилцлөөр тохиролцсон хэд хэдэн зүйл заалтын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулсан. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэврийг нэмэх, ингэхдээ бага тэтгэвэр авдаг иргэдийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч буй иргэдийнхийг харьцангуй бага хувиар нэмэх зарчмаар ажиллах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт Засгийн газар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо тус тус ороод ажиллаж байна.
Яамны зүгээс 600 мянган айл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж дууссан. Тэгэхээр бид хэд хэдэн ангиллаар шугам татаж таарна. Үүний дараа судалгааны хэсэг маань хэдэн хувийг бага тэтгэвэр авч байгаа иргэдэд зориулах вэ, өндөр тэтгэвэр авч байгаа хэдэн ахмадад хэдий хэр мөнгө нэмэгдэх вэ гэдэг нь гарах юм. Энэ бүгдийг хийх боломж маань 150 тэрбум төгрөг.
Үүнийг шийдвэрлэх процедур маш тодорхой. Улсын төсөв цаг хугацаатай, хуультай. Засгийн газар удахгүй 2018 оны төсвөө хэлэлцэж эхэлнэ. УИХ, Байнгын хороогоороо оруулаад шийдвэр гарна. Харин бид үүнээс өмнө Засгийн газарт тодорхой болгоод оруулах юм. Үүнийгээ бид дангаараа шийдэхгүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны санал, байр суурийг харгалзаж шийдвэрлэх зохицуулалттай” гэж танилцуулсан юм.