Д.Хадхүү: Салбарын залуус маань өөрсдөө манлайлагч, шинийг бүтээгч, сэтгэгч байх нь чухал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн цагаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч ахмад ажилтан Д.Хадхүү өндөр насны тэтгэвэртээ гарч байгаатай холбогдуулан салбарын сайд А.Ариунзаяа болон яамны ажилтнууд талархал илэрхийлж батламж гардуулав.
Ахмад ажилтан Д.Хадхүү нь улсад 38, төрийн албанд 34 жил ажилласан. Энэ хугацаанд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт 1997 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж, залуу үедээ үлгэр дуурайл болж байгаа нэгэн билээ. Тэрбээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, УНХЕГ-ын Улсын нийгмийн халамжийн ерөнхий газрын даргын албан тушаал хашиж байсан. 2001 оноос одоог хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн болон газрын дарга, шинжээчээр ажиллаж байгаа юм.
Энэ үеэр Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөөх халуун сэтгэл, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, төрийн бодлого, шийдвэрийг биелүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, ажлын үр дүн, хойч үедээ өвлүүлсэн мэдлэг чадвар, ажлын туршлага, үнэт зүйлийг нь өндрөөр үнэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа талархлын батламж олгов.
Ахмад ажилтан Д.Хадхүү “Салбарын залуус маань өөрсдөө манлайлагч, шинийг бүтээгч, сэтгэгч байх нь чухал. Цаг үетэйгээ зэрэг алхаж ил тод, шуурхай, шударга, өрсөлдөөнтэй ажиллаж хариуцаж буй ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй, цахим орчныг, цахим үйлчилгээг хөгжүүлэхэд манлайлж ажиллаарай” гэсэн юм.