Сайд Н.Номтойбаяр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар ажил олгогчдын төлөөлөлтэй уулзлаа
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш манай орны хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд гүнзгийрэн өргөжиж шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болсоор байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/183 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ, МХЕГ-ын төлөөлөл, зарим эрдэмтэн судлаач нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан хуулийн төслийг боловсруулж байна.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийн хамрах хүрээг өргөжүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр зохицуулах; ажил олгогч, ажилтны хуулиар хамгаалагдах эрх, үүргийг тэнцвэржүүлэх; цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах; хөдөлмөрийн зах зээл дэх шинэ харилцааг зохицуулах; хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатанд нь зардал багатайгаар шийдвэрлэх; нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хуулийн шинэчлэлд ажил олгогч болон ажилтны төлөөллүүдийн оролцоог хангах, тэдний байр суурь, санал, санаачлагыг хуулийн төсөлд тусгах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын ажил олгогч эздийн холбооны гишүүд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан хуулийн шинэчлэлийн талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлэг, уулзалтын үеэр МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТанхимын орлогч дарга М.Сарандаваа, Өлзийт ХХК-ны ерөнхий захирал Ж.Даш-Өлзий, Монголын барилгын нэгдсэн холбооны тэргүүн М.Батбаатар; Оюу толгой ХХК-ны Хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан менежир Л.Мөнх-Оргил, Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяа, Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч. Мэргэн; Скайтел группын Хүний нөөц, хуулийн албаны захирал Ө.Жамбалсүрэн нарын зэрэг төлөөлөл хуулийн шинэчлэлийн хүрээнд баримтлах байр суурь, хуулийн төсөлд өгөх саналаа илэрхийллээ.