МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНДЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тэтгэврийн тухай хэлэлцээрийг байгуулах ажил тусгагдсаны дагуу өмнө нь Улаанбаатар болон Нур-Султан хотноо нийт 4 удаа шинжээчдийн ажлын хэсгийн хэлэлцээг амжилттай зохион байгуулсан.
2020 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад 5 дахь хэлэлцээ болох байсан ч дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдож ийнхүү цахим хэлбэрээр ажлын хэсгийн 5 дахь хэлэлцээг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Нурымбетов Биржан Бидайбекулы онцлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх хэлэлцээрийг цахим хэлбэрээр зохион байгуулж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар иргэдийн нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, ахмад настан бүрт суурь тэтгэвэр олгох, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг боловсруулж 2020 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулав.
Цахим уулзалтаар хэлэлцээрийн зүйл заалт тус бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэн ажиллав. Дараагийн цахим хэлэлцээг зохион байгуулагдах хүртэл хоёр тал хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, санал, мэдээллээ зохих журмын дагуу дипломат шугамаар солилцохоор тохиролцов.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 8 дугаар хуралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдсаны дараа 12 сарын эхний хагаст Тэтгэврийн тухай хэлэлцээ байгуулах ажлын хэсгийн 6 дахь хэлэлцээг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Нурымбетов Биржан Бидайбекулы, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин зөвлөх Айдар Aбишев, ХХАНХЯ-ны Нийгмийн даатгал, нийгмийн болон тэтгэврийн үндсэн хангамжийн бодлогын газрын дарга Шегай Виктория Вильгельмовна, ХХАНХЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа, интеграцийн газрын дарга Мустафина Салтанат Женисовна болон бусад холбогдох албаныхан оролцлоо.