ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийг байгууллаа.
Засгийн газрын зүгээс ковид-19 цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулиуд, хуулийг хэрэгжүүлэх журмыг батлан хэрэгжүүлсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа тэглэх, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цалинтай ээж хөтөлбөр, насны хишиг олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна.
Нийгмийн халамж, нийгмийн даатгал, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний зарим үйл ажиллагаа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвүүд цахим хэлбэрт шилжлээ.
Үүнээс гадна “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг улс, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцол чухал. Тиймээс ойлголтуудаа нэгтгэж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж шинэ түвшинд гаргах тал дээр санал нэгдэв.
“Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолыг дэлгэрэнгүй үзэх бол дараах линк дээр дарна уу.
https://www.legalinfo.mn/law/details/9512