ХБНГУ-ын Засгийн газраас Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт дэмжлэг үзүүлнэ

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт Коронавирус цар тахлаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тус дэмжлэгийн хүрээнд МБС-ын Цахим сургалтын санг нээж байгаа бөгөөд танилцуулах ёслолын арга хэмжээ Техник Технологийн Политехник Коллеж дээр өнөөдөр боллоо.

Хүндэтгэлийн ёслолд ХБНГУ-ын Элчин Сайд Ёорн Розенберг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа нар оролцов. МБС-ын Цахим сургалтын санг нээснээр үндэсний хэмжээний 81 МБСБ-ын багш, сурагчид ашиглах боломж нээгдэж байгаа юм. Мөн МБС-ын салбар дахь цахим хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүгдийг багтааж байршуулсан нэгдмэл сан.

Энэхүү дэмжлэгийн хүрээнд МБС-ын салбарт коронавирусээс шалтгаалан үүссэн сорилтуудыг давах, цаашид бэлтгэлтэй байх үүднээс цахим сургалтын боломж, чадавхыг нэмэгдүүлэх, багш нарыг чадавхжуулах, сургалтын байгууллагуудын цахим сургалтад шаардагдах дэд бүтцийг сайжруулах юм. Мөн онцгой байдлын нөхцөлд МБС-ын байгууллагын эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж аюулгүй байдлыг хангах, цаашид хэрэгжүүлэх заавар зөвлөмж боловсруулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг цахимаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох, салбарын нэр хүнд, үнэ цэнийг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Дээш