“Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн хүрээнд мини өдөрлөг боллоо

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий даяар Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэдэг. ОУ-д анх 1958 оноос тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг манай улсад 2009 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн дор цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний нэг нь ХНХЯ-ны албан хаагчдыг оролцуулсан мини өдөрлөг байв. Өдөрлөгийн үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын онцлогийг таниулах, дохионы үсэг заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг зааж, сурталчилсан юм. Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлх хэл. Тиймээс дохионы хэлээр түгээмэл харилцаж сурах нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй нэг хэлбэр гэдгийг олон нийтэд ойлгуулж, таниулах нь тус өдөрлөгийн гол зорилго аж.

Өдөрлөгт ХНХЯ-ны ажилтан, албан хаагчид, "Дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо" ТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүн П.Ганхуяг, “Диф” клубын удирдах зөвлөлийн гишүүн Б.Юмжирдулам, “Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ-ын тэргүүн Б.Нэмэхбаяр, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн, МУ-ын Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, СЗСҮТ-ийн дохионы багш Б.Саранчимэг, С.Бямбадэлгэр нар оролцлоо.

Энэ үеэр Монголын дүлий иргэдийн соёл урлагийн холбооны дэргэдэх “Судалбар” хамтлагийн уран бүтээлч СТА Л.Мөнхжаргал пантомимо жүжиг тоглож, мөн тус хамтлагийн уран бүтээлч Д.Дуламбат "Унаган хайр" дууг дохионы хэлээр дуулж сонирхуулсан юм.

Дээш