Чех улсын Гадаад харилцааны Дэд сайдтай уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнөөдөр Бүгд найрамдах Чех улсын Гадаад харилцааны яамны хууль болон консулын асуудал хариуцсан Дэд сайд Мартин Смолектэй уулзлаа. Манай улсад айлчилж буй Дэд сайд Мартин Смолекийг дагалдан БНЧУ-ын Элчин сайд Ивана Гроллова, ГХЯ-ны Визийн газрын дарга Давид Новый, ЭСЯ-ны зөвлөх, консул Вацлав Добеш нар байлцлаа.

Уулзалтын эхэнд талууд цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлсэн бол ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Чех улсын төлөөлөгчдийг манай улсад тавтай саатахыг хүссэн юм. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Чех улсын Засгийн газар 1980 оноос эхлэн эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн арвин их туршлагатай юм. Энэ удаагийн айлчлалаар БНЧУ-ын Засгийн газар хэлэлцээрээ үргэлжлүүлэх, шинэчлэх асуудлыг шийдвэрлэхийг зорьж буйгаа илэрхийллээ. Монгол Улсын иргэд 1983 оноос хойш суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж амьдрах зэргээр Чех улсыг зорьж байсан. Одоогийн байдлаар 7000 орчим монгол иргэн тус улсад амьдарч байгаа ч хамгийн оргил үедээ 25 мянга хүрч байсныг Дэд сайд Мартин Смолек онцолж байв. Ийм ч учраас хоёр орны Засгийн газар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцээрээ шинэчилж, зохицуулалтыг сайжруулах нь энэ удаагийн уулзалтын зорилго юм.

Дээш