Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамнаас сургалтад ашиглах таблет хүлээлгэн өглөө
Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талт хамтын ажиллагаа тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд хөгжиж ирсэн.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд манай яам нь Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд нийгмийн хамгааллын салбарын боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг 2017, 2018 онд Сөүл хотноо зохион байгуулж, 20 албан хаагчдыг хамруулсан билээ.
Ковид цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн ч хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах сургалтаа тасалдуулахгүйгээр цахимаар үргэлжлүүлнэ. Сургалтад зориулж Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамнаас ирүүлсэн таблетыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өглөө.
Энэхүү сургалт нь нийгмийн хамгааллын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул хоёр тал цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах асуудлаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.