НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байна
Аливаа нөхцөл болзолгүй мөнгөн тэтгэмж, татварын шилжүүлэг гэх мэт хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж нь хүүхдийн ядуурлыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч дэлхийн арван улс тутмын нэг нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас танилцууллаа.
“Хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж-Бодлогын асуудлууд ба сонголтууд” тайлангийн цахим нээлтийн арга хэмжээ энэ оны 9 дүгээр сарын 9-нд болов. Нээлтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхдийн ядуурал, нийгмийн хамгааллын газрын дарга Дэвид Стюарт, Өмнөд Африкийн Нийгмийн хөгжлийн сайд Линдиве Зулу болон Жоржтауны Их сургуулийн эдийн засгийн профессор Мартин Раваллион оролцлоо.
Дунд орлоготой орнууд хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмжид ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахад ядуурлыг 20 хувиар бууруулах боломжтой гэж тус тайланд онцолжээ. Өндөр орлоготой 15 оронд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгосноор хүүхдийн ядуурал дунджаар 5 хувиар буурсан байна. Хүүхдэд зориулсан нийтлэг тэтгэмж нь олон хэмжээст ядуурлыг бууруулж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, бүтээмж, насанд хүрсэн хойноо нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулах чадварыг дээшлүүлдэг нь батлагдсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улс хүүхэд бүрд хүртээмжтэй Хүүхдийн мөнгөний тогтолцоотой байсан нь Ковид-19 цар тахлын үед хүн амын орлого буурч, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх үед Засгийн газраас хүүхэд, гэр бүлүүдэд цаг алдалгүй, хэнийг ч орхигдуулахгүй дэмжлэг үзүүлэх хамгийн үр дүнтэй боломжийг хангасан юм” гэв.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас олон улсын санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудыг хамтран ажиллаж, цар тахлын үед болон түүний дараа хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байгаа юм.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Бүх хүүхдэд өрхийн орлогоос үл хамааран аливаа нөхцөлгүйгээр мөнгөн тэтгэмж олгосноор хэнийг ч орхигдуулахгүйгээр ядуурлыг хамгийн үр дүнтэй бууруулж, хүүхдийн эрх, улмаар нийгмийн эв нэгдлийг хангана. Мөн аливаа гэнэтийн цочрол, цар тахлын үед хүүхэд бүрд хүрдэг нийгмийн хамгааллын тогтолцоотой байхын ач холбогдлыг Монгол Улсын жишээ тод харууллаа” гэсэн юм.
Хүүхэд болон айл өрхөд олгох тэтгэмжийн хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлд багтааж, зохих санхүүжилтийг хуваарилах хэрэгтэй. Ялангуяа КОВИД-19-ийн энэ нөхцөлд хүн ам олонтой, төсөв, орлого багатай улс орнуудын хувьд нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай байгааг тайланд дурдсан байна. Түүнчлэн хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмжийг нийгмийн хамгааллын цогц тогтолцоо, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээгээр дэмжих шаардлагатай.