Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцуулав
Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээг ХНХЯ, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО хамтран хийж гүйцэтгэлээ.
Бодлогын тайланд ТМБС-ын тогтолцооны үйл ажиллагааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлд ур чадварын эрэлт үүсгэн ажлын байр бий болгох, түүнтэй холбоотой макро эдийн засгийн үзүүлэлтийг тусгажээ.
Мөн ТМБС-ын тогтолцооны үндсэн бүтэц, онцлог шинжүүдийг задлан шинжилж, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, эрэлт хэрэгцээ, манай улсын боловсролын тогтолцооны ерөнхий байдлын талаар оруулсан байна.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Аливаа бодлого, шийдвэр гаргахад тооцоо, судалгаанд тулгуурлах нь чухал. Тиймээс дээрх бодлогын тайланг цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа ашиглана. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар нь манай яамны болоод Засгийн газрын, Монгол Улсын энэ тэргүүнд хөгжүүлэх ёстой салбарын нэг. Тухайлбал, ЕБС-ийн сурагчдад долоо, наймдугаар ангид нь мэргэжлээ сонгох мэдлэг, мэдээлэл олгох тал дээр нь анхаарах, МСҮТ, политехник коллежуудыг хөгжүүлэх, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд ур чадвар эзэмшсэн боловсон хүчнийг хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дэмжих зэрэг бодлогын түвшинд анхаарч ажиллана” гэв.