Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21.0 сая ам.долларын Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийт санхүүжилтийн 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар боллоо.
“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж олгох юм байна. Мөн Коронавируст цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллах юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувьтай байсан. Ядуурлаас гарахын тулд халамжаас гадна хөдөлмөр эрхлэх ёстой. Энэ оныг манай яам халамжаас хөдөлмөр рүү шилжих жил болгон зарлаж, зорилт тавин ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлийг үйлчлүүлэгч төвтэй байлгахын тулд өнөөдрийн хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Үр шимийг нь иргэд нийтээр хүртэх ба ядуу өрх, залууст илүү анхаарч ажиллана. Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох уялдаа холбоонд нийцүүлсэн e-job платформыг нэвтрүүлнэ. Мөн энэ хүрээнд МСҮТ-тэй хамтарч ажиллана” гэв.
Мөн Коронавирусын халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улсад 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Тус тусламжийн хөрөнгөөр онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах юм.