“Нийгмийн ажилтны ёс зүйн зөвлөл” байгуулна

Манай улсад 4800 орчим нийгмийн ажилтан зургаан салбарт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Хотод таван мянган өрхөд, суманд гурван мянган өрхөд нэг нийгмийн ажилтан ногддог байна. 1997 оноос хойш Их дээд сургуулиуд нийгмийн ажилтан бэлдэж байгаа боловч цалин, ажиллах орчин нөхцөл зэргээс ажлын байран дээр гараад тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор нийгмийн ажилтан, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, ТББ-ын төлөөллүүд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзлаа.

Уулзалтаар сургуулийн нийгмийн ажилтны цалин хөлс, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн ур чадвар, мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. Мөн нийгмийн ажилтныг давтан сургалтад хамруулах, үйлчилгээний нэгдсэн стандарттай болох, эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэсэн нэршлийг ажил мэргэжлийн ангилалд оруулах зэрэг олон тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Салбар бүрт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллах эрэлт байгаа ч яг ажлын байраа зарлахаар нөгөө талаас тус ажлын байран дээр тохирох төрийн албаны шалгалтад тэнцээд ороод ирэх хүмүүс байдаггүй. Энэ асуудал зөвхөн нийгмийн ажилтан бус бүх салбарт тулгамдаад буй асуудал. Эхний ээлжид мөнгө санхүүтэй холбоогүй бодлогын хүрээнд шийдвэрлэх боломжтой ажлуудаа хугацаа алдахгүй эхлүүлээд хэрэгжүүлээд явъя. Цаашдаа бодлогын хэмжээнд алсын хараа, олон улсын байгууллагатай хамтраад хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд юу байх зэрэг асуудлаа цаг тухайн үед холбоодтойгоо хамтраад шийдье. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаа илүү сайжруулах нь чухал” гэв.

Мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулснаар иргэнд хүрч ажиллах нь илүү үр дүнтэй байх талаар ярилцсан юм. Наад зах нь хавтгайрсан халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр талаар иргэд олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг давуу талтай болохыг дурдаж байв. Уулзалтын эцэст харилцан санал, солилцоод “Нийгмийн ажилтны ёс зүйн зөвлөл” байгуулахаар боллоо.

Дээш