УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Ээлтэй ертөнц” ТББ, “Ачлалт хүүхдүүд” ТББ, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвд ажиллалаа
“Ээлтэй ертөнц” ТББ нь байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдийг бие хүн болон төлөвшихөд туслах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тархины саа, булчингийн чангарал болон оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих өдөр тутмын хөтөлбөрт сургалт зохион байгуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх нийлж зөөлөн тоглоом, бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж асран хамгаалагчдын ажлын байрны жишиг төв байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Харин “Ачлалт хүүхдүүд” ТББ-д хөгжлийн бэрхшээлтэй 50 орчим ахмад настан байнгын асаргаа сувилгаа хийлгэж байгаа юм байна. Тодруулбал, хувь хүнд чиглэсэн асаргаа, сувилахуйн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ, хөгжил олон нийтийн зэрэг цөөнгүй үйлчилгээ үзүүлдэг аж. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй, стандартын шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын захирал Б.Саранбаатар дурдлаа. Үүнтэй холбоотойгоор одоогийн асрамжийн газар байрлаж буй хашаандаа өргөтгөлийн барилгын ажил эхлүүлжээ. Тус барилгыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулах аж.Тус төвийн их эмч Я.Болороо төр засгийн зүгээс мөнгө санхүүгийн туслалцаанаас илүү системтэй зөв бодлого хэрэгтэй байгааг хэлсэн юм.
“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн залуус 150 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж буй. Мэдлэг, боловсрол, чадвартай залуусыг ажилд зуучилдаг ч нийтийн тээврээр зорчихоос эхлээд ажиллах орчин нөхцөл зориулалтын бус учраас ажлын цалингаасаа илүү зардал гардгийг залуус хэлж байв. Наад зах нь байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, талбай байдаггүй гээд асуудал олон. Гэсэн ч залуус болохгүй байна гээд зүгээр суухгүй өөрсдийн боломж нөхцөлөөр ажил хийж, олсон мөнгөөрөө “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн байраа худалдаж авчээ. Тэдэнд ажлын захиалга ч цөөнгүй ирдэг болсон байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай төрийн зарим, бодлого, шийдвэр, төрөөс үзүүлэх халамжийн үйлчилгээ оновчтой байгаасай гэж хүсэж байсан юм. Тус төвийн залуус өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход туслах үйлчилгээний хүн чухал байгааг дурдаад энэ асуудлыг шийдвэрлэх боломж, нөхцөл байгаа эсэх талаар санал бодлоо илэрхийллээ.