Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл болон “Үр ашигтай нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эхний хоёр төсөл дуусах шатандаа явж байгаа бөгөөд дараагийнх нь чадавх бэхжүүлэх зорилготой техникийн туслалцааны төсөл юм. 2021 онд ахмад настны урт хугацааны асрамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах болон чадвар бэхжүүлэх гэсэн тодорхой чиглэлд ажиллахаар төлөвлөсөн байна.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павид Рамачандран ХНХЯ-ыг Ковид-19 цар тахлын үед хариу арга хэмжээ авах гол хэрэгжүүлэгч байгууллага болохыг дурдаад нийгмийн халамж олгох зорилтот бүлгийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ковид-19 гарсан үед донор байгууллагуудын тусламж дэмжлэгийг авч байгаадаа талархал илэрхийлээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулав. Мөн нийгмийн халамж, хамгаалал нь илүү зорилтот бүлэгт чиглэх ёстой гэдгийг олон улсын байгууллагууд болон судалгааны үр дүнгүүд харуулж байна. Одоогийн байдлаар бид И-кэйр (E-care) систем дээр ажиллаж байна. Засгийн газрын төвшинд байгаа бүхий л дата мэдээллийн нэгтгэсэн сүлжээг буй болгон, иргэдийн хэрэгцээ шаардлагыг илүү хялбар тодорхойлох боломжтой болно. Ингэснээр халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх боломжтой болно гэдгийг онцлов.

Хоёр тал МСҮТ-ийн асуудал дээр ажил олгогч болон сургууль төгсөгчийн эзэмшсэн мэргэжил, ур чадварыг хооронд нь уялдаа холбоотой болгох, ахмадын асрамжийн үйлчилгээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөөс эхлээд хамтарч хийх олон асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

Дээш