Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой зарим асуултыг асууж, хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн юм.

Ингээд хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгав. 

Мөн залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:
•    Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
•    Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
•    Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
•    Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
•    Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
•    Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
•    Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох, 
•    Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох 
•    Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,   
•    Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно. 

Мөн залуучуудыг дэмжихэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замаар тэднийг орлого байлгах нь бие даан амьдрах, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байхаас гадна бусад тулгамдсан асуудал болох орон сууцтай болох, сурч боловсрох нөхцөлүүд хангагдах боломжтой юм. 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиуд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон залуучуудын чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой.

Дээш