А.Ариунзаяа: Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч гарсан хоёр хүүхдэд орон сууцны батламж гардууллаа.

Мөн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд гарч буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал. 2018 оны ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөр рүү чиглэх ажилд түлхүү анхаарч ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төв үйл ажиллагаа явуулж, нийт 1069 хүүхэд сурч, хүмүүжиж байна.

Дээш