“ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦИЙН ТАЙЛАН БОЛОВСРУУЛАЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хамтран Монгол Улсын нэгдэж орсон конвенц, зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан боловсруулахад тавигдах шаардлага, баримтлах удирдамжийг танилцуулах тухай цахим сургалт өнөөдөр боллоо. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, бусад холбогдох байгууллага, нэгжийн албан тушаалтнууд оролцов.

Тус сургалтыг жил бүр уламжлал болгон танхимын хэлбэрээр зохион байгуулдаг бол энэ удаа Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан цахим хэлбэрээр явуулав.

Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Анар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөтөлбөр зохицуулагч П.Болормаа нар үг хэллээ.  

Дээрх сургалтаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хөдөлмөрийн хэм хэмжээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алайн Пэльс оролцогчдод конвенц, зөвлөмжүүдийн хэрэгжилтийн тайлан боловсруулахад анхаарах зүйлс, баримтлах чиглэл зэргийг танилцуулан, энэ жил хүргүүлэх хуваарьтай зургаан тайлангийн төсөлд тулгуурлан мэдээлэл өгөв.  

Сургалтын үеэр оролцогчид эрхлэх асуудлынхаа хүрээнд тайлан боловсруулах явцад гарсан хүндрэл бэрхшээл, мэдээлэл боловсруулах, цуглуулах тал дээр олж авсан туршлага, мэдлэгээ хуваалцаж, харилцан санал солилцсон юм.

Дээш