А.АРИУНЗАЯА: ОУХБ-ТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар нийгмийн шударга ёс, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хангах эрхэм зорилготойгоор 1919 онд үүсгэн байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагад Монгол Улс 1968 онд элссэнээс хойш идэвхтэй хамтран ажиллаж олон улсын гэрээ конвенциудад нэгдэн амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар хоёр тал ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд анхаарч ажиллах чиглэлүүдээр санал солилцлоо.
Манай улс тус байгууллагатай иргэдийн хөдөлмөрлөх эрхийг ханган баталгаажуулах, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж ирсэн юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад онцгой анхаарал тавьж, техникийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг үр дүнтэй шийдвэрлэх чиглэлд талуудын чадавхийг бэхжүүлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг гурван талын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, тогтолцооны үнэлгээ хийх, зайнаас сургалт хийх ажлыг хамтран зохион байгуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй стандарт бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээр судалгаа хийж буй юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ОУХБ Монгол Улсын албан бус салбарт ажиллаж байгаа иргэд, аж ахуй эрхлэгчдэд Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж буй талаар хурдавчилсан үнэлгээ, судалгаа хийх чиглэлээр санал, санаачлага гаргасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хийж байна.
Уулзалтын төгсгөлд А.Ариунзаяа сайд ОУХБ НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг төрөлжсөн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх” төслийг цаг үеэ олсон чухал ажил хэмээн онцлоод цаашид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэл, даатгалын тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн хамгааллын шинэлэг тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.