ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа газруудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо. Хурлаар яамны газрууд, харьяа агентлагийн дарга нар өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж цаашид хийхээр төлөвлөж буй болон тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар танилцуулсан.
Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд салбарын тулгуур хууль Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Төслөөр хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцааг зохицуулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан тогтоох, хөдөлмөрийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх, хөдөлмөрийн хяналтыг сайжруулахтай холбоотой шинэчлэлийг тусгасан юм.
Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой 13 журам, эрх зүйн актыг боловсруулж,батлуулсан. Төрийн үйлчилгээний албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тусламж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцох хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын зэрэглэлд 2020 онд Засгийн газрын 151 болон 184 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, төмөр замын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг шинэчилсэн зэргийг онцлон дурдаж болно.
Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 хувиар нэмснээр 2014 онтой харьцуулахад улсын хэмжээнд дундаж цалингийн хэмжээ 58.1 хувиар өссөн. Цаашид цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны баталгаажих түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан хот, хөдөөгөөр ялгавартайгаар тогтоон бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн болон ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны цалин хөлс, урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн хөдөлмөрийн үнэлэмжийг үр дүнд суурилж тогтоох зэргээр ачаалал, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хагас жилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжилтийг ханган ажилласан. Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа юм.
Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн үйлчилгээнд хамруулах ажлын явцыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. 2020 оны зургадугаар сарын байдлаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19 563 болж өмнөх сараас 226 хүнээр буюу 1,1 пунктээр буурсан ба өмнөх оны мөн үеэс 3482 хүнээр буюу 15,0 пунктээр буурсан байна. Мөн ажил идэвхтэй хайж буй ажил хайгч иргэдийн тоо иргэдийн тоо 30320 болж өмнөх сараас 794 хүнээр буюу 2.5пунктээр буурсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3007 хүнээр буюу 9,0 пунктээр буурчээ. Ажил олгогчдоос нийт 28036 ажлын байрны захиалга ирүүлснээс 15250 иргэнийг ажилд зуучлан оруулсныг танилцуулав. Бичил бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний боломжит үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээ авч, үйлчилгээг шуурхай болгоход анхаарч ажиллажээ.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль. Хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.5 мянганиргэний 694.8 тэрбум төгрөгийн зээл тэглэгдэж зээлгүй болон 1.0 саяас бага төгрөгийн зээлтэй нийт 238.7 мянган ахмад настанд тус бүрт нь нэг сая төгрөгтэй тэнцэх үнийн дүн бүхий үнэт цаас эзэмшүүлэхээр болов.
Инфляцийн түвшинтэй уялдуулан дундаж тэтгэврийн хэмжээг 33.0, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 38.9 хувиар нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлснээр 2016 онтой харьцуулахад 34.3-92.3 хувиар өссөн.
Дэлхий нийтэд тархсан коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийгУИХ-аар батлуулж хэрэгжүүлснээр нийт 531.7 мянган даатгуулагчийг хамруулжээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зургаан сарын хугацаанд сар бүр 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн 1161.7 мянган хүүхэд, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд олгож байгаа хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг таван сарын хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж 242.6 мянган хүн, нийгмийн халамжийн тэтгэврийг таван сарын хугацаанд 100.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн олгоход 55.6 мянган тэтгэвэр авагчийг хамруулж байна.
Түүнчлэн 2020 он гарсаар төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөнхугацааг нэмэгдүүлэх, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг
нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулж Ахмад настны үндэсний төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл,бүрэнавтомат угаалгын цех,хүртээмжтэй орчин дэд бүтцийг бий болгоход зориулсантохижилтынажилд 370.0 сая төгрөгийнхөрөнгө оруулалтыг хийсэн зэрэг ажлаа тайлагнасан.
Тайлангийн хурлын төгсгөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар нар үг хэлэв.
Сайд А.Ариунзаяа сүүлийн жилүүдэд олон ажлын хэсэг байгуулсан ч олигтой урагшлаагүй Нийгмийн даатгалын судалгаа тайлан мэдээллийн сангийн ажлыг эрчимжүүлэх, салбарын хэмжээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахаа дуулгаад салбарын ажиллагсдаас цагийг маш сайн баримтлан ажиллахыг шаардана гэдгээ хэлсэн. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг үргэлжлүүлж, яамдын газар хэлтсүүд хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллах, ажилтнууд нэг нэгнээ орлох чадвартай байж зөвхөн өөрийн үүрэгт ажлаар хязгаарлахгүйгээр байгууллагынхаа ажлыг бүхэлд нь мэддэг байх ёстойг анхааруулсан.
Түүнчлэн ойрын үед гэр бүлийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх үүргийг холбогдох газрынханд өглөө.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарын хамт олондоо хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжиж, улс эх орноо хамтдаа хөгжүүлэхийг уриаллаа.