А.АРИУНЗАЯА: НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА МАНАЙ ЧУХАЛ ХАМТРАГЧ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзан Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх” болон НҮБ-ын ХХААБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж эрсдэлд бэлэн байдлыг сайжруулах нь” төслүүдийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

            “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй бөгөөд зургаан сарын дараа дуусах юм. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого боловсруулахад чамгүй их туршлага хуримтлуулсан хэмээн Европын Холбоо Монгол Улсыг дүгнэж буй төдийгүй төсвийн томоохон дэмжлэгийг хүртэх гол салбарын нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэдгийг ноён Винод Ахужа ярианыхаа эхэнд тэмдэглэсэн.  Техникийн хамтын ажиллагааны тухайд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд төсвийн төлөвлөлт чиглэлээр дийлэнхдээ ажиллана гэдгийг ч ярьж байлаа.

            НҮБ-ын ХХААБ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн загвар, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ гэдэгт нэлээдгүй анхаарал хандуулж ирсэн бөгөөд хөдөө аж ахуйд суурилсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах боломжтойг хэлсэн. Тус байгууллага энэхүү төслийн хүрээнд хэд хэдэн хүнсний брэнд бий болгохоор төлөвлөжээ.

            Уулзалтын үеэр хоёр талын хөндсөн нэг чухал асуудал нь малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах тухай байлаа. Нийгмийн даатгалд хамруулах албан ёсны механизм байхгүйгээс малчид нийгмийн даатгалд хамрагдахгүй, үүнээс шалтгаалан зарим нь эрсдэлд огт бэлэн бус байгааг онцлоод эрт арга хэмжээ авбал зарим эрсдэлд урьдчилан бэлтгэх боломжтой тул Засгийн газар цаашид анхаарч ажиллах шаардлага байгаа талаар ярилцсан.  

            Мөн салбарын хэмжээнд Мэдээллийн нэгдсэн санг улам боловсронгуй болгох, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл, технологийн тогтолцоог сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг ч хөндсөн.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай улсын чухал хамтрагч бөгөөд цаашдын хамтын ажиллагаа улам эрч хүчтэйгээр үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Дээш