ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш, судлаач болон аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан Та бүхнийг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцохыг урьж байна.
Зорилго:
Энэхүү илтгэлийн уралдааны зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээ болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, ХАБЭА-н чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Илтгэлийн сэдэв:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар авч хэрэгжүүлсэн үр дүнтэй, сайн жишээ /аж ахуйн нэгж байгууллагын бодит жишээн дээр ямар байсан, ямар арга хэмжээ авсан, бэрхшээл, сургамж, үр дүн, ололт амжилт/ :
- Ажлын байрны нөхцөлийг сайжруулах;
- Удирдлагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах;
- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх;
- Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н бүтэц, зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхижуулах, эрүүл, аюулгүй ажиллах байгууллагын соёлыг бий болгох талаар.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр зохион байгуулах талаар.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын тэргүүлэх чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ /Олон Улсын чиг хандлага, өөрийн орны онцлогтой уялдуулсан, хэрэгжихүйц, бодит үндэслэлтэй байх/.
Хугацаа:
Илтгэлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бичиг хэрэгт хүлээж авна.
Илтгэлийн шалгаруулалт:
Уралдаан 2 шаттай явагдана.
Эхний шатанд илтгэлүүдийг хүлээн авч 8 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна. Дүнг ХНХЯ-ны /www.mlsp.gov.mn/ цахим хуудаст 2020 оны 08 дугаар сарын 03-нд нийтэлнэ.
II шатанд шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна. Хугацааг жич товлоно.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавих шаардлага:
- Зарласан сэдвийн аль нэгийг сонгосон байх;
- Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдал, дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;
- Олон улсын чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Илтгэл нь эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан хураангуй, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, иш татсан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх;
- Илтгэлийн зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;
- Илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.
Илтгэлийн хэлбэр:
- Илтгэл нь A4 цаасан дээр 6-8 нүүрэнд багтсан, мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ 12 байна;
- Илтгэлийг Arial фонтоор /MS Word/ бичсэн байна;
- Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна;
- Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна;
- Илтгэл, материалын 1 хувийг хавтаслан, илтгэлийн уралдаанд оролцох тухай хүсэлтийн хамт эх хувиар авчрах ба файл хэлбэрээр garavnaran@gmail.com, enkhtuul@mol.gov.mn хаяг руу илгээнэ;
Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба ирсэн илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.
Эхний шатанд шалгарсан илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны веб хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан нийтэлнэ.
II-р шатанд шалгарсан илтгэлийг зохиогчид ХНХЯ-наас зохион байгуулах онол практикийн хуралд танилцуулна.
Шагналын сан:
Тэргүүн байр - 1 /Өргөмжлөл, 2,000.000 төгрөг/
Дэд байр - 1 /Өргөмжлөл, 1,500.000 төгрөг/
Гутгаар байр - 1 /Өргөмжлөл, 1,000.000 төгрөг/
Тусгай байр - 2 /Өргөмжлөл, 800.000 төгрөг/
Холбогдох утас: 266235, 261973
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ