Хөдөлмөрийн маргаан зохицуулах удирдлагын тогтолцооны талаар цахим сургалтыг зохион байгуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Монгол Улсад эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн техникийн дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, гарсан маргааныг үр дүнтэй шийдвэрлэх зорилгоор “Монгол Улсын оролцогчдод зориулсан хөдөлмөрийн маргаан зохицуулах тогтолцоо” сэдэвт хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын чадавхийг бэхжүүлэх зайны сургалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй хүн хамрагдаж байна. Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, маргааныг зохицуулах, Монгол Улсын хөдөлмөрийн маргаан зохицуулах тогтолцооны үнэлгээ, Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэх/зуучлах аргаар зохицуулах, Эвлэрүүлэх/зуучлах ажиллагаа, Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх гэсэн 5 модулийн хүрээнд сургалтыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Итали Улсын Турин хот дахь олон улсын сургалтын төвөөс удирдан зохион байгуулах юм. Модуль бүр видео хичээл, унших материал, дасгал, сорилын хэсгүүдтэй. Цахим сургалтын 5 модулийг бүрэн үзэж дуусгасны дараа оролцогчдод ОУХБ-ын Олон улсын сургалтын төв(ОУСТ)-ийн батламж /сертификат/ олгоно.