Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэний 18 хүртэл насны хүүхдүүдэд 100 000 төгрөг олгоно
Засгийн газрын өнөөдөр /2020-05-13/-ийн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг дэмжих, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх авч буй арга хэмжээний хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг хэрэгжүүлэх заавар” болон холбогдох маягтуудыг батлан нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж буй бөгөөд энэ арга хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын тайлангаар нийт 39.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 705.0 мянган даатгуулагч, үүнээс 121.0 мянган сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөөд байгаа юм.
Нийгмийн халамжийн чиглэлээр авч буй арга хэмжээний хүрээнд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгож байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын турш 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 1.122.400 хүүхэд хамрагдаад байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш хүүхдийн мөнгө шинээр авах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 орчим мянгаар нэмэгдсэн төдийгүй гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд нэлээдгүй ирж байгаа юм. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэний болон Монгол Улсад байнга оршин сууж буй гадаад иргэний хүүхдүүд мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжгүй.
Тиймээс коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож тэдгээрийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг С.Чинзориг сайд танилцуулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засгийн газраас гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авч байна.