Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Ингээд хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа.
Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас уг хуулийн төслийг боловсруулснаар 15-34 насны залуус анх удаа бие даасан хуультай болох боломж бүрдэж байна. Одоогоор залуучуудад чиглэсэн ямар нэгэн бодлого, хөтөлбөр байхгүй байна. Тиймээс нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай болоод байсныг ХНХЯ-наас ийнхүү шийдвэрлэхээр зорьж байгаа юм.