С.Чинзориг сайд Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневийг өнөөдөр /2020-04-10/ хүлээн авч уулзав. Уулзалтаар дэлхий нийтэд тархан цар тахлын хэмжээнд хүрсэн корона вирусийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хамтран ажиллах боломж бололцооны талаар санал солилцлоо. 

С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газраас хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,тэдгээрт ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхэлж сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс  чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлснөөс хүн амын орлогын албан татвар авахгүй байх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгох,  хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлэх зэргээр иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг онцлон дурдав.

 Мөн дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой улсын төсөв, холбогдох сангуудад санхүүгийн хүндрэл үүсч, нэн ялангуяа ажилгүй, орлого нь баталгаагүй өрхийн гишүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай өрхийн хүүхдэд илүү хүндээр тусч байгааг хэлсэн. Тэрбээр эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Дэлхийн банкийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Андрей Михнев өнөөгийн нөхцөл, цаг үеийн байдал, санхүүгийн чадамж зэрэгт үнэлгээ хийсний дүнд нийгмийн хамгааллын салбарт одоо хэрэгжиж буй төслүүдийнхээ хүрээнд зохицуулалт хийх замаар Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн одоо хэрэгжиж буй төслийнхөө бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний санхүүжилт бий болгон хүүхдийн мөнгөн тэтгэмж болон сайн дурын даатгуулагч нарт чиглэсэн дэмжлэгийг зохих хэмжээнд үзүүлэх боломжтой гэв.

Дээш