Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг өчигдөр /2020-04-07/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах харилцааг Засгийн газрын 1994 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах журам”, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 201 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах үйлчилгээ явуулах эрхийн зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохицуулж ирсэн.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг анх 2001 онд УИХ баталснаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын үндсийг бүрдүүлсэн. Хуулийн зорилго, зохицуулалт, үйлчлэх хүрээ өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл, шинээр бий болсон харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгаа тул Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулснаа С.Чинзориг сайд хуулийн төсөл өргөн барих үедээ танилцуулсан.
Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал,
-Ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогч ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэхээр хуульчиллаа. Дотоодоос хангах боломжгүй ажлын байранд гадаад ажилтан авах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл бүрдэнэ.
-Гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох боломжийг шинээр тусгасан.
-Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах давтамжийг тогтоосон зохицуулалтгүй байгааг бусад орны туршлагын дагуу хугацаа давтамжийг тогтоож, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, зөвшөөрөл бүхий гадаадын иргэнийг өөр байгууллагад шилжүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг шинээр бий болгов.
-Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гишүүн орнууддаа зориулсан үндсэн зөвлөмжийн дагуу хөдөлмөр, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл харилцан солилцох зохицуулалтыг тусгасан.
-Гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага оролцоо хангалтгүй байсныг өөрчилж, оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлж, тухайн үйл ажиллагаанд нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага тус тус хяналт тавьдаг байхаар томьёолсон.
-Гадаадаас ажилтан авах хувь хэмжээ /квот/-ний тогтолцоог бүрэн өөрчилсөн. Одоогийн хуулиар хуулийн этгээдийн гадаад ажилтан авч хөдөлмөр эрхлүүлэх урьдчилсан зөвшөөрлийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэдэг байсныг салбарын яамдын саналыг үндэслэн гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоохоор тусгалаа.
-Ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоож, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар ялгаатай тогтоох боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт төлж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулсны ажлын байрны төлбөрийн асуудлыг хөндөөгүй.
-Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулав. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай 181 дүгээр Конвенц” болон холбогдох бусад конвенцид нийцүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тусгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хариуцлагажуулсан. Тусгай зөвшөөрлийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай гадаадад ажиллах хүч илгээх гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай хуулийн этгээдэд олгоно.
-Зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах асуудлыг шинээр тусгасан. Гадаадад ажиллаж буй иргэдээ эргэн суурьшихад дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулах зохицуулалтыг бий болгосон.
-Зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулжээ.