“Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг боллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлтаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдөр /2020.01.10/ “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр , БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төлөөлөгчийн газрын дарга Юүн Ван Соб нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр гадаад улсад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй иргэд тухайн улс орны дэвшилтэд технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийн дотоод дахь хөдөлмөр эрхлэлт, нутаг буцах явдлыг хөхүүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг танилцууллаа.
Арга хэмжээнд ХНХЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн 50 гаруй төлөөлөгч оролцлоо.
Манай улс БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх болон хүлээн авах ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ оноос Япон улсад “Ур чадвартай ажилтан” илгээх, хүлээн авах тогтолцооны дагуу ажиллах хүч илгээхээр төлөвлөж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд гадаад улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эх орондоо буцан ирэх, дотоод дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах, гадаад улсад олж авсан дадлага, туршлагаа хэрэгжүүлэх, ашиглах нөхцлийг бүрдүүлэх, дотоодын хууль тогтоомжийн уялдааг хангах шаардлага тавигдаж байна.
Тухайлбал Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн олж авсан ур чадвартай холбогдуулан чадамжийн үнэлгээ хийж, гэрчилгээжүүлэх ажил. Уг үйл ажиллагаа нь иргэн цаашид хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулахад тодорхой мэдлэг, ур чадвартай болохыг батлахад нэн ач холбогдолтой болохыг холбогдох яам, агентлаг иргэдийн зүгээс хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.