“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

 Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулан шагнал гардуулах ёслолыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн  гэсэн есөн номинацид 119 хүүхэд нэр дэвшин өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо тив дэлхий сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 сурагч, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн хамт олон, “Би нар” уран сайхны киноны уран бүтээлч хүүхдүүд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан. Ш,илдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа.

Ерөнхий сайд шилдэг хүүхдүүдэд амжилт амжилт хүсч тэдний гаргасан  амжилт, нөр их хөдөлмөр үе тэнгийнхэнд нь үлгэр жишээ  болох төдийгүй жилээс жилд олон улсын хэмжээнд гаргаж байгаа амжилтын буухиагаа бататгаж,  ахиулж  байхын ерөөл өргөв.

“Оны онцлох хүүхэд” шагналын эзнээр тодорсон шилдгүүдийг танилцуулж байна.

Нэг. “Техник сэтгэлгээ, шинэ санаачилга” номинац

Одхүүгийн АНАР-ЭРДЭНЭ.16 настай. Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч. 2019 онд “ASIAN CUP-2019” Цомын төлөөх олон улсын нээлттэй тэмцээн, “MONGOLIA CUP-2019” Дэлхийн цомын төлөө олон улсын нээлттэй  тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB CUP-2019” тэмцээн, Нисэх загварын монгол улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд F1G төрлөөр тус бүрд тэргүүн байр, Пуужин загварын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд S6A төрөлд  2-р байр, мөнгөн медалийг тус тус эзэлсэн. О.Анар-Эрдэнэ нь 2018 онд Хэнтий аймгийн оны шилдэг хүүхдээр шалгарч Спортын дэд мастер цол хүртэж 2019 онд Спортын мастер цолны болзол хангасан.  

Гансүхийн БАТБЯМБА.18 настай. Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12а ангийн сурагч. Улсын аварга шалгаруулах “Чөлөөт нислэг”,  “Дэлхийн цом”, “Азийн цом” зэрэг тэмцээнүүдэд F1H загварын төрөлд III  байр, F1J төрөлд  II байр, Радио бой агаарын тулалдааны механик RC төрөлд I байр, Пуужин загварын тэмцээний S4A пуужин планер, S6S туузат төрлүүдэд тэргүүн байранд шалгарч Алтан цомын эзэн болсон. Мөн S4A пуужин планер төрлөөр Монголд 2 минут 51 секундээр Монголын  рекордыг шинэчлэн тогтоосон.

Сүхжаргалын ТЭНГЭР. 17 настай. Баянзүрх дүүргийн Шинэ Монгол Коосэн сургуулийн 11-р  ангийн сурагч.  С.Тэнгэр нь Хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан “Граф-Арт” ур чадварын тэмцээнд 2 дугаар байр, ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн ухаалаг, ашигтай хэрэглээг бүрдүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо” сэдэвт Олон Улсын уралдааны богино хэмжээний кино төрөлд 70 гаруй орны хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс Гранпри шагнал, Олон Улсын Өсвөрийн гарааны бизнес эрхлэгч нарын уралдаан /The Global Youth Entreprenership Challenge/ GYEC-ны тусгай байрын шагналыг тус тус хүртсэн. Мөн чөлөөт цагаараа техник сонирхогч сурагчидтай хамтран баг байгуулж, Олон Улсын РОБОКОН тэмцээнд хог ангилах төхөөрөмж бүтээн амжилттай оролцсон.

Хоёр: “Сурлагын амжилт” номинац 

Мягмарнарангийн НЯМЦЭНГЭЛ.17 настай. Баянгол дүүргийн Шинэ-Эхлэл сургуулийн 12б ангийн сурагч. Кембрижийн олон улсын бизнес 9609, математик 9709, зураг дизайн 9704 хөтөлбөрт 100 хувь А үнэлгээтэй шалгагдсан. Кембрижийн AS түвшний математик хичээлийн ДЭЛХИЙН ТОП сурагч. Дэлхий, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)  зохион байгуулсан “эх орны минь байгаль зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор санаачилсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран зургийн уралдаан, Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. 

Мягмарнарангийн НЯМЦЭЛМЭГ.  17 настай. Баянгол дүүргийн Шинэ-Эхлэл сургуулийн 12б ангийн сурагч. Кембрижийн олон улсын бизнес 9609, математик 9709, зураг дизайн 9704 хөтөлбөрт 100 хувь А үнэлгээтэй шалгагдсан. Кембрижийн AS түвшний математик хичээлийн ДЭЛХИЙН ТОП сурагч. Дэлхий, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)  зохион байгуулсан “эх орны минь байгаль зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран зургийн уралдаан, Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. 

Энхтөрийн ОЮУНДАРЬ. 15 настай. Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар Эмпати” сургуулийн 10д ангийн сурагч. “Кенгару-2018” олимпиадад 3-р зэргийн диплом, Англи хэлний олон улсын OWLYPIA  уралдаан, Sceince Exhibit, Super Quiz Bee шинжлэх ухааны үзэсгэлэнгийн тэргүүн байрын эзэн.

Батлхагвагийн ТЭНҮҮНСАЙХАН.  12 настай. Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургуулийн 7в ангийн сурагч. П.Энхболдын нэрэмжит математикийн улсын 15-р уралдааны дэд байр, Тусгаар тогтнолын олон улсын математикийн 2-р уралдаан, Хөдөлмөрийн гавьяат улаан тугийн одонт Ц.Баяраа багшийн нэрэмжит “Их сунгаа 15” математикийн олимпиад, Монголын математикийн 55-р олимпиадын гурвын даваанд дунд ангилалд 3 анги алгасан орж, хүрэл медаль /Монголын олимпиадын түүхэнд урьд өмнө байгаагүй онцлог шинэ амжилт/гаргасан.

Баярхүүгийн ЭНХБАЯСГАЛАН. 17 настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 12в ангийн сурагч. БНХАУ-д зохиогдсон Олон улсын Ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түүхэн үйл явдал” төрлийн өсвөр насны ангилалд 5 минутад 133 үйл явдал тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн “Алтан медаль”, өсвөр насны ангилалд “Алтан медаль”, Ази тивийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнээс Азийн мастер цол, 1 мөнгө, 3 хүрэл, Монгол Улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 1 хүрэл медаль, Макао улсад болсон дэлхийн цомын цуврал тэмцээний өсвөр насны ангилалд мөнгөн медаль, нийт 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн.

Батдоржийн МӨНХТАМИР. 17 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 12-р ангийн сурагч. Сэтгэх чадварын улсын  математикийн олимпиад, Стандарт VIII олимпиад, МУБИС-ийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадуудад амжилттай оролцож тэргүүн байр,  Биологийн хичээлийн улсын аварга шалгаруулах багийн олимпиадад дэд байр, Геометрийн VI олимпиадад гуравдугаар  байр эзэлсэн. 

Таван-Эрдэнэ СҮНДЭР. 16 настай. Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 11а ангийн сурагч. 2019 онд  IYMC “Олон улсын оюутан залуучуудын математикийн олимпиад”-ын финалд шалгарч “World youth forum”-д оролцох эрхийн эзэн болсон. Олон улсын “Олимпус” олимпиадад “Математик”, “Хими”, “Англи хэл”-ний төрөлд тус бүрт нь тэргүүлж,  “Физик”,  “Түүх”-ийн төрөлд гуравдугаар байр, “Орос хэл”-ний төрөлд хоёрдугаар байр эзэлсэн. Америкийн Йелийн их сургуулийн залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал “Yale young global scholars”-ын тэргүүн байрт шалгарч, ИБУИВУ-ын Элчин сайдын яам, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулсан “The Mongolian messenger” зохион бичлэгийн уралдаанд тусгай байр, БСШУСЯ, Японы шинжлэх ухааны технологийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Сакура” хөтөлбөрт хамрагдсан. АНУ-ын Ахлах сургуулийн төгсөгчдийн SAT математикийн уралдаант шалгалтад 750 оноо авч Америкийн таван их сургуулиас сонгон суралцах урилга хүлээн авсан. Мөн 2019 онд Монгол Улсын спортын дэд мастерын болзол хангасан сурагч.

Гурав. “Урлаг, уран бүтээл” номинац

Мөнхбат ЭНХЧИМЭГ. 17 настай. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р сургуулийн 12б ангийн сурагч. Соёлын гавьяат зүтгэлтэн Байгальжавын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан, Аймгийн “Ая эгшгийн 6 жигүүр” уралдаан, Морин хуур сонирхогчдын олон улсын уралдааны тэргүүн байр,  Хан хуурч Цэрэндоржийн нэрэмжит магтаалчдын уралдаан, “Монголын хүүхдүүд” улсын урлагийн наадам, “Дааганы уралдаан” морин хуурчдын улсын уралдааны мөнгөн медальт.

Ганзоригийн ИТГЭЛТӨГС. 14 настай. Монгол Улсын Консерваторийн 9А ангийн сурагч. 2019 онд Франц улсад болсон “Flame 2019” олон улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байр эзэлж, уран бүтээлийн ганцаарчилсан тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлүүд болон өөрийн зохиосон бүтээлүүдийн түүврээр хийж, Гайднийн төгөлдөр хуурын концертод 67 оюутны бүрэлдэхүүнтэй симфони оркестрыг удирдсан.

Алтанцэцэгийн АЗЗАЯА. 15 настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 10а ангийн сурагч. “High school”, “Мухар гудамж” кинонд тоглосон. Сүүлийн дөрвөн жилийн турш “Гоёл” наадамд тогтмол амжилттай оролцсон төдийгүй 2019 онд  “Аzuka fashion” анхдугаар наадмыг зохион байгуулсан. 2019 оны Монгол туургатан хүүхэд багачуудын гоо сайхан, урлагийн наадмын “Тэргүүн мисс”-ээр тодорч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” медаль, Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалийн эзэн болсон.

Ганхуягийн ХОНГОРЗУЛ.  15 настай.  Монгол Улсын Консерваторийн 11в ангийн сурагч. Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгийн “Цэнхэр хадаг” ёслолын арга хэмжээнээс “Соёлын элч хүүхэд”, Малайз улсын Куала Лумпур хотноо болсон LBMA STAR MALAYSIA Superkiddos search international-2019 the 7 th LUXURY BRAND MODEL AWARDS олон улсын хүүхдийн фестивалиас бүжгийн төрөлд,  загварын төрлөөр “Excellence performance” тус бүр цомын эзэн болсон. БНСУ-д зохиогдсон Мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд өргөмжлөл, мөнгөн шагнал, “Sunny swan-2019” олон улсын хүүхдийн  анхдугаар урлаг, соёл, загвар, спортын фестивалиас 12-17 насны ангилалд дэд байр, Н.Оюуны нэрэмжит “Миний тайз” гоцлол бүжгийн тэмцээнээс “Монгол бүжгийн ахлах насны ангилал” эмэгтэй төрөлд тэргүүн байр эзэлсэн. 

Энхтайваны ЭНХРИЙЛЭН. 11 настай. Сүхбаатар дүүргийн 23-р сургуулийн 6в ангийн сурагч. АНЭУ-ын Дубай хотод болсон “Junior model international” олон улсын загварын тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн, “Talent winner”, БНСУ-БНХАУ-ын хамтарсан бүжгийн тэмцээнд ЭМИ-G хамтлагаараа тэргүүн байр, БНСУ-ын Сөүл хотод болсон “luxury brand model awards” олон улсын тэмцээний “Luxury brand model awards” TOP-6 номинацийн эзэн, Итали улсын Милан хотод зохиогдсон “Best kids model of the universe pageant” тэмцээний Pre-teen ангилалд “Best kids model of the world” номинацийн эзэн, Хос титмийн эзэн болж, Олон улсын хүүхдийн моделийн тэмцээний C.I.P зэрэглэлийн загвар өмсөгч, “Sunny swan-2019” олон улсын хүүхдийн урлаг, соёл, спорт, загварын анхдугаар наадамд 5-11 насны “Miss fashion” төрөлд дэд байр, бүжгийн ЭМИ-G  хамтлагаараа бүжгийн төрөлд дэд байр, Охидын мисс-төвийн ЭМИ-А хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин, “Silfie” “Shining girl” зэрэг бие даасан дууны уран бүтээл гаргаж, СD, DVD болгон хэвлүүлсэн.

Сүхбаатарын НЯМБАЯР. 13 настай. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийн 8а ангийн сурагч. 2019 онд Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин “Зууны манлай” бүжиг дэглээгч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 15-р наадмын гоцлол, “Гэгээн алсын одод 2019” олон улсын хүүхдийн урлагийн их наадмын дууны төрөлд, Азийн урлагийн их наадмын шилдэг оролцогч, “Дуулах-Өв” улсын уралдаан,  “Удам залгах үрс” улсын 2-р наадмуудад тус бүр тэргүүн байр, Н.Оюуны нэрэмжит “Миний тайз” гоцлол бүжгийн тэмцээний тэргүүн байрт шалгарч Монголын сурагчдын холбооны “Авьяаслаг сурагч” алтан медаль хүртсэн. 

Нямдаваагийн БИНДЭРЪЯА.  13 настай. Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн 8д ангийн сурагч. БНХАУ-БНСУ-ын хамтарсан хүүхдийн бүжгийн тэмцээнд ЭМИ-G хамтлагаараа тэргүүн байр эзэлж, Улсын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнээс алтан медаль,  ОХУ-ын Улаан-Үд хотод зохиогдсон Олон улсын хүүхдийн фестивальд загварын төрлөөр амжилттай оролцож тусгай байр,  “Sunny Swan” олон улсын хүүхдийн анхдугаар наадамд ЭМИ-G  хамтлагаараа бүжгийн төрөлд дэд байр, 13 насны Мисс төрөлд 2-р байр, Итали улсын Мялан хотноо болсон “Best Kids Model”  of Universe pageant-2019” тэмцээнд амжилттай оролцож “Best Kids model Asia” номинацийн сувдан титмийн эзнээр шалгарсан.

Дөрөв. “Биеийн тамир, спорт” номинац

Лхагвасүрэнгийн МЯГМАРСҮРЭН. 17 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн 12б ангийн сурагч. 2019 онд Жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль, Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ, “Asian cup cadets junior hong kong judo-2019” жүдо бөхийн тэмцээн, “International cadet junior judo tournament-2019”, Залуучуудын багийн УАШТ-үүдээс мөнгөн  медаль, Жүдо бөхийн Залуучуудын УАШТ, Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү-Жицү бөхийн УАШТ-ний хүрэл  медаль, Жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 5-р байрын эзэн. 

Мөнхпүрэвийн МАРГАД. 8 настай. Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 3а ангийн сурагч. 2019 онд Тайланд улсад зохион байгуулсан Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр, Шриланкад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Рапид төрөлд хувийн амжилтаар 5-р байр,  “Элит барайн” шатрын академиас зохион байгуулсан тэмцээний 8 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн.

Энхтүвшиний ЭНХБАЯР. 16 настай. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9а ангийн сурагч. Хүүхэд залуучуудын спортын 6-р наадамд ойрын зайн гүйлтээр 5-р байр, Олон улсын хүүхдийн спортын бага наадам, бочи-ийн тэмцээнүүдийн ширээний теннисийн төрөлд хүрэл медаль, АНЭУ-ын Абу-даби хотноо болсон зуны олимпийн наадамд хөнгөн атлетикийн 200 м, 100 м-ийн  төрлөөр   эх орноо төлөөлөн  оролцож алт, мөнгөн  хос медалийн эзэн, олимпийн аварга тамирчин.

Нямжавын НЭМҮН.  8 настай. Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 3в ангийн сурагч. 2018 онд Улсын аварга шалгаруулах Киокушинкай каратэгийн VI дахь удаагийн тэмцээний зургаан насны ангилалд Аварга, Киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл  медаль, 2019 онд Улсын аварга шалгаруулах Киокушинкай Каратэгийн VII  дахь удаагийн тэмцээний 7-8 насны ангилалд мөнгөн медаль,  Токио хотноо болсон Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн, Каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль,  “World elite karate championships” тэмцээний найман насны ангилалд алтан медаль хүртсэн.

Чулуунбатын БЯМБАСҮРЭН. 17 настай. Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн 12а ангийн сурагч. 2019 онд Словак улсад болсон ДАШТ, ОХУ-ын Сахалин мужид болсон Азийн хүүхдийн анхдугаар их наадмын биатлоны төрөлд 9-р байр, Хятад улсад болсон олон улсын тэмцээний биатлоны төрөлд хүрэл медаль, Монголын цанын холбооны 2019 он РОЛЕК-ийн аварга шалгаруулах тэмцээний 16-17 насны ангилалд хүрэл медаль, Монголын цанын холбооны РОЛЕК аварга шалгаруулах тэмцээний бухиа төрөлд мөнгөн медалийн эзэн, цанын спортын дэд мастер, хөнгөн атлетикийн I зэргийн тамирчин бөгөөд 2020 оны 1-р сарын 9-24-нд Швейцарийн Лазана хотноо болох Хүүхэд залуучуудын өвлийн олимпод биатлоны төрлүөөр оролцох бөгөөд одоо Италид биатлоны залуучуудын цуврал тэмцээнд оролцож байгаа.

Тав. “Эх орны түүх, соёл, өв уламжлал” номинац

Ганболдын ПҮРЭВСҮРЭН. 17 настай. Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12а ангийн сурагч. 2019 онд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан, “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн улсын уралдаануудын тэргүүн байр эзэлж, “Өхөөрдөм бүтээл” нэртэй өөрийн фэйж хуудсыг ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чадваржуулах сургалтыг үнэ төлбөргүй явуулж, Бийрийн бичлэг дугуйлан хичээллүүлдэг бүтээлч сурагч юм.

Зургаа. “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинац

Батбаяр ӨСӨХБАЯР. 17 настай. Архангай аймгийн Батцэнгэл сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч. “Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт хүчирхийллийн эсрэг”, “Сургуулийн орчин дахь  ногоон орчин ” эерэг нөлөөллийн үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулж, аймгийн хэмжээнд “Эко клуб”-ийн сурагчдаа манлайлж 500 гаруй мод тарьсан. 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Эко клуб”-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя”  видео бичлэгийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, “Ногоон паспорт” аяны “Шилдэг ногоон паспорт эзэмшигч”-ээр шалгарсан.  

Золзаяагийн ЭНХЗУЛ. 17 настай. Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч. Хүүхдийн оролцооны чиглэлээр байгальд ээлтэйгээр бусдад нөлөөлөн хандлагыг засах үйл ажиллагаагаар сургууль болон аймаг улсад тэргүүлэн “Шилдэг ногоон паспорт” эзэмшигч болж, “Ногоон паспорт хэн сайн хөтлөх вэ” уралдааны 1-р байр,  “Шилдэг байгаль хамгаалагч хүүхэд, Global green growth-2019 үйл ажиллагаанд улсаа төлөөлөн оролцож “Шилдэг ногоон паспорт эзэмшигч шилдэг хүүхэд,  “Аймгийн шинийг санаачлагч шилдэг хүүхэд”,  Азийн улсуудын төлөөлөл ногоон хөгжил буюу байгаль, экологи тулгарсан асуудал ба өөрчлөлт шинэчлэлийн уулзалтад улсаа төлөөлөн оролцсон.  

Баяндаваагийн Оюунтунгалаг. 17 настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн 12а ангийн сурагч. “How to do celebrate your favourite part” төслийг санаачлан зохион байгуулж Өвөрхангай аймгийн сурагчдын зурсан бүтээлүүдээр хуанли хэвлүүлж түгээсэн, “Clean up”  буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан Дэлгэрэх голын дагуух ойр орчмын хогийг цэвэрлэх, “Дэлхийн дулаарал, байгаль орчны асуудал, гарц шийдэл” өртөөчилсөн сургалт,  “Bookbridge camp 2019” англи хэл дээрх зусланд сургалт,  “Poety slam”  англи хэл дээрх шүлгийн тэмцээн, “Fairy tale night”  гарын доорх материалаар үлгэрийн баатарт хувирах тэмцээн, “NO plastic NO problem” уралдааныг зохион байгуулж, аймгийн хэмжээнд 1000 гаруй хүүхдийг хамруулсан, “NO plastic NO problem” төсөлд багаараа 1-р байр, Олон улсын “Кенгару” математикийн олимпиадын 3-р зэрэг, “Ногоон паспорт” аяны тэргүүн байрын эзэн болсон.

Долоо. “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс” номинац

Баярхүүгийн НАНДИН-ЭРДЭНЭ. 17 настай. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн 12в ангийн сурагч, Өсвөрийн улаан загалмай бүлгийн гишүүн. 2019 онд Олон улсын сайн дурын ажилтнуудтай хамтран 4 удаагийн “Model street” төслийг хэрэгжүүлж, 153 цагийн сайн дурын ажиллагаанд хамрагдан, “Загвар гудамж” төслийн хүрээнд 21.0 сая төгрөгийн санхүүжилтээр 400 м2 талбайд хайсан хашаа, моджуулалт хийж, асрамж халамжийн “Нарны хүүхдүүд” төвд 3.0 сая, “Цэмцгэр Монгол” наадам төсөлд 2,3 сая, “Сорилтот морин аялал” төсөлд 2.0 сая төгрөг нийт 28,3 сая төгрөгийн санхүүжилтийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулсан.

Сансартуяагийн МӨНХСҮЛД, Амарсанаагийн ТЭМҮҮЖИН, Тэгшбаярын ДӨЛГӨӨН. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 11а ангийн сурагчид. 2019 оны тавдугаар сарын 23-нд Хэрлэн голын уснаас 6-р ангийн дөрвөн хүүхдийн амийг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, онцгой гавьяа байгуулсан юм. 

Бат-Оргилын ГООМАРАЛ. 17 настай. Дархан-Уул аймгийн  “Дархан-Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 10 наснаасаа эхлэн өөрийн санаачилгаар 30 гаруй хүмүүнлэгийн үйлсийг үеийн найз нөхөдтэйгөө хамтран зохион байгуулсан. “Номын нөхөр” аяны хүрээнд 200 гаруй ном цуглуулж сайн санааны үйлст зориулсан. Мод тарих өдрийг тохиолдуулан “Ногоон төгөл” хандивын аяныг өрнүүлж 100 модны суулгацыг  худалдан авч мод тарьсан. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөнд оролцож, “Усаа гамная” сайн дурын аяныг хэрэгжүүлсэн, хүмүүнлэгийн үйлстэн юм.  

Найм. “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага” номинац

Сэджавын ГАНТУЯА. 16 настай. Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч. ХБНГУ-ын Кёлн хотод болсон олон улсын “Хүүхдэд ээлтэй хот санаачилга” анхдугаар чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж оролцож, “Хүүхдэд ээлтэй хотуудын тунхаг бичиг”-ийг олон орны хүүхдүүдийг төлөөлж уншсан. Аймгийн төрөлжсөн хичээлүүдийн олимпиадад Газарзүйн хичээлээр тэргүүн байр, аймгийн олимпиадад тусгай байр эзэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын холбооны “Шилдэг сурагч-Алтан сарнай” медаль,  “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнийн гуравдугаар байрын эзэн.

Доржсүрэнгийн БИЛГҮҮН. 17 настай. Дорноговь аймгийн Сайншанд сумын “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч.Өсвөрийн сэргийлэгч” аймгийн аварга шалгаруулах тэмцээн,  “Хүүхэд хууль” тэмцээнүүдийн 1-р байр, “Өсвөрийн сэргийлэгч” улсын аварга шалгаруулах тэмцээний 3-р байр, 2015 оноос Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн ахлагчаар ажиллаж байгаа манлайлагч сурагч юм.

Баянмөнхийн БАЯРЖАВХЛАН.  18 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р сургуулийн 12б ангийн сурагч. Сүхбаатар аймгийн “Лидер сурагч академи”-ийн үүсгэн байгуулагч, “Залуу лидерүүд” англи хэл заах чадварыг олгох “Work shop for youth leaders in teaching English” хөтөлбөрт 30  гаруй орны 600 хүүхдээс шалгаран оролцож багшлах эрхтэй төгссөн. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах хугацаандаа Yali Ахлах сургуулийн 2019 оны “Шилдэг сурагч” медалиар шагнуулсан. 

Шадархүүгийн АРИУНЗАЯА. 16 настай. Увс аймгийн Улаангом сумын  5-р сургуулийн 12а ангийн сурагч.Кенгару” олон улсын математикийн олимпиадаас 2017, 2018, 2019 онд 3-р зэргийн диплом, “Номын сайн нөхөр”, Нацагдорж тэмдгийн эзэн болж, “Зохиолоос ухаарахуй” илтгэлийн тэмцээний 3-р байрт шалгарсан. Аймгийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг 4 дэх жилдээ амжилттай удирдаж яваа шилдэг сурагч юм.

Ес. Багийн амжилт номинац

“Би нар” уран сайхны киноны гол дүрд тоглосон Э.Сувд-Эрдэнэ, Б.Долгормаа, О.Хүсэлбаяр, Ө.Итгэлт, Ц.Мичидмаа, Ж.Ирмүүн, Х.Ням-Оюун, Л.Шинэзул, Лхам-Эрдэнэ, Э.Амарбаясгалан. Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарч, “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг киноны шагнал хүргтсэн. Энэхүү киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулсан юм.

Сүхбаатар дүүргийн 25-р сургуулийн Ц.Намжилдорж багштай 9Б ангийн сурагч Бат-Өлзийгийн БАТДОРЖ, Энхзулын  БАТ-ЭРДЭНЭ , Сумъяагийн БИЛГҮҮН, Ганчимэгийн ГАНЗОРИГ, Мөнхцэцэгийн МӨНХЖАРГАЛ, Мөнхцэцэгийн НАРАНБААТАР,  Нямжавын ОТГОНБАЯР, Жигжидийн  СҮХБААТАР, Боргилын ТЭРГЭЛ, Отгонцэцэгийн ТЭМҮҮЖИН, Оюуны ХОНГОРЗУЛ, Алтанхүүгийн ЭНХЦЭЦЭГ, Ганцогтын ЭРДЭНЭЧУЛУУН, Болормаагийн АРИУНЗАЯА, Даваадоржийн ГҮНЧИН-ИШ нар нь Монголын хүүхдийн VI их наадмын тусгай олимпоос 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 2017-2019 онуудад баг хамт олноороо 48 удаагийн амжилт гаргаж  үе тэнгийнхнээ манлайлсан сурагчид юм.

 

Дээш