Төрийн албан хаагчдын цалинг нэмж, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно

 

Засгийн газрын өнөөдөр /2019-12-25/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 8,0 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн буюу төрд алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан  олгохоор болов. Ингэснээр 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оныхтой харьцуулахад 48.9 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.

            Ирэх оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8,0 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоход 142.7 тэрбум нийт 302.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан. Энэ удаагийн цалин нэмэх арга хэмжээнд 190 мянган төрийн албан хаагч хамрагдана.

            Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ Засгийн газар 2018, 2019 онд төрийн абан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг хоёр удаа авч хэрэгжүүлснээр 2014 оноос хойш нэмэгдээгүй цалин 16,6 хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний ажиллагсдын цалин 21,7 хувиар өссөн бөгөөд энэ оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна.

            Боловсрол, эрүүл мэндийн салбарт 2018 онд хийгдсэн ажлын байрны үнэлгээг үндэслэн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчилж  төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг 1-2 шатаар ахиулсан. Энэ арга хэмжээний үр дүнд  сувилагч, бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 20-30, соёл, урлагийн салбарт ажиллагсдын цалин 14-32 хувиар нэмэгдсэн юм. 

 

Дээш