БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ " СЭТГЭЛИЙН СОНСГОЛОН" ХӨТӨЛБӨРӨӨ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Тус хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын санаачлагаар 2018 оны 04 сараас эхлэн хэрэгжсэн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн амьдралын чанарыг сайжруулах зорилготой “Сэтгэлийн сонсголон” хөтөлбөр 2 дахь жилдээ орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 45 иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өндөр өртөгтэй үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байсан бол 2019 онд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нэг цэгийн үйлчилгээний төв, нэгдсэн эмнэлэгт түшиглэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолой, урологи, гастрэнтерологи, бөөр, дотоод шүүрэл, уушиг, мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг байнгын асаргаанд байдаг хэвтрийн хүнд хөгжлийн бэрхшээлтэй Баянхонгор сумын 10 багийн 132 иргэнийг хамруулан 3 р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Хөтөлбөрийн амин зүрх болсон Сонсголын бэрхшээлтэй 11 иргэнд УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын эмч Н. Мэндсайхан, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч С.Энхбаяр нар хамтран хэнгэрэг нөхөх хагалгааг, УНТЭ-ийн Урологийн мэс заслын эмч С. Эрдэнэсайхан, Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, ЭХМК-ын гишүүн Ц.Баточир,  мэс заслын эмч Н.Баттогтох нар хамтран орон  нутагт анх удаа түрүү булчирхайн хагалгааг 5 иргэнд үнэ төлбөргүй хийснээрээ онцлог юм. 

Мөн багийн ахлагч уушигны эмч Одончимэг, нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Ж. Дулмаа нар хамтран уушигны дуранг ажиллагаанд оруулсан, дотоод шүүрлийн эмч Золбоо, нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, ЭХМК-ийн гишүүн С.Уртнасан нар хамтран бамбайн биопсийн шинжилгээг 5 иргэнээс авсан зэрэг анхны бөгөөд 2,3-р шатлалын эмч мэргэжилтнүүд хамтдаа Салбарын хөгжлийг бэхжүүлсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. УНТЭ-ийн эмч нар нэгдсэн эмнэлгийн эмч нарт танхимын болон ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж тус эмнэлгийн удирдлагын багийн ажилтан Б.Лхамсүрэн орон нутгаасаа  шууд нэгдүгээр төв эмнэлгийн цахим бүртгэлд онлайнаар хандан дугаар захиалан үйлчлүүлэх шинэчлэлтийг холбогдох бүртгэлийн програмд хийснээрээ иргэдийн хүлээгдэл чирэгдлийг арилгах үр дүнтэй олон олон ажлуудыг хамтдаа зохион байгууллаа. 

Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд АИТХ, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, УНТЭ-ийн удирдлагын баг, чанарын алба, Сумын Засаг даргын тамгын газар, СИТХ, Нэгдсэн эмнэлэг, сувилахуйн алба, Лабораторийн тасаг, амбулаторийн тасаг, мэс заслын тасаг, Хөдөлмөр халамж үйлчилгээний  газар, эрүүл мэндийн газар, ҮЭХ,  өрхийн эрүүл мэндийн төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл, сайн дурын ажилтнууд, Баянхонгор телевиз зэрэг хамтран ажилласан багийхандаа талархал илэрхийлж байна. 

Энэ хөтөлбөр маань цаашид улам өргөжин хүрээгээ тэлж хэрэгжих болно. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дээш